Ерөнхий сайд: МОНЦАМЭ бол хуучрахаар нь тайлдаг хувцас биш

 |  Written by MontaStudio  | 
PDF version

МОНЦАМЭ агентлаг бол хуучрахаар нь тайлаад хадгалчихдаг хувцас биш, харин Монголчуудын хувьд өдөр тутамдаа өмсөж эдэлдэг хувцас шиг нь тийм чухал байгууллага юм хэмээн Ерөнхий сайд онцоллоо.

Монгол Улсын гадаад сурталчилгаа хэмээх хариуцлагатай том ачааг үүрч дүүрсээр өнөөдөрт авчирсан ч Засгийн газрын хэмээх статусаа алдаад таван засгийн нүүр үзэж байгаа үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн хамт олны хүсэлтээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр тус байгууллагад зочилж үйл ажиллагаатай нь танилцах үеэрээ дээрх үгийг хэлсэн юм. МОНЦАМЭ агентлагийн удирдлагууд юуны өмнө агентлагийн статусын асуудлыг шийдэж эрхзүйн орчныг нь бүрдүүлж өгөхийг Засгийн газрын тэргүүнээс хүслээ. Мөн мэдээллийн эрин зуунд дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд техникийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгараад байгааг ч дуулгав.

1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” хэмээн зааснаар МОНЦАМЭ агентлагийн статус тодорхойгүй болсон юм. Гэхдээ МОНЦАМЭ агентлагийн ажилтан, албан хаагчид үйл ажиллагааны хувьд статус ямар байхаас үл хамаарч, дотоод, гадаадад мэдээлэх үүргээ биелүүлсээр ирсэн бөгөөд дэлхийн мэдээллийн агентлагууд МОНЦАМЭ агентлагийг Монгол Улсын мэдээллийн баталгаат эх сурвалж мөн гэж үздэг хэвээрээ байгаа юм.