Монгол арьсны давтагдашгүй чанар “MR” брэнд

 |  Written by MontaStudio  | 
PDF version

Монголын үндэсний үйлдвэрлэгч SRB” компанийн арьсан цүнхний “MR” брэнд мэндлээд таван жил болж байгаа ч хэдийнэ дотоодын болон Япон, Солонгос, Тайваний хэрэглэгчдийн шагшин магтдаг бүтээгдэхүүн болж зах зээлд эрэлттэй байна.

Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн, аяллын, ажил хэргийн, гоёлын 70 гаруй төрлийн цүнх, 30 гаруй төрлийн хэтэвч, түлхүүрийн гэр гэх мэт жижиг эдлэлийг Монголдоо боловсруулсан арьс ширээр үйлдвэрлэдэг нь тус компаний онцлог давуу тал юм. Тэд эл бүтээгдэхүүнүүдээ зөвхөн үхэр сарлагийн сайн чанарын ширээр хийдэг бөгөөд өөдсийг нь арьсаар бүтээгдэхүүн хийх дадлага хийж буй асрамжийн газрын хүүхдүүдийн сургалтын хэрэгцээнд нийлүүлдэг байна. Алгын чинээ арьсыг алд дэлэм болтол нь татаж сунгаж орц хольцыг нь олшруулан баяжуулдаг өнөө цагийн технологиор биш байгалийн натурал шинжийг нь алдагдуулахгүйгээр зөөлөн аргаар боловсруулдагт л Монголын арьсан бүтээгдэхүүний давтагдашгүй чанар оршдог. Япончууд номын хавтас хийдэг арьсаа зөвхөн Монголоос авдаг нь энэхүү бүтээгдэхүүний чанарт дарсан тамга гэлтэй. Насан туршийн хэрэглээ болсон монгол арьсаар бүтээгдэхүүн хийдэг үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр дэлхийн зах зээл дээр дуугаа хадаан мэндлэх монгол брэндийн тоо олширсоор байгаа билээ.