“Монгол базальт” компани чулуунаас “дулаан” гарган авч байна

 |  Written by MontaStudio  | 
PDF version

Галд шатдаггүй, усанд нордоггүй, хөвөн хөөс шиг хөнгөн атлаа дуу чимээ, дулаан хүйтнийг тусгаарладаг “шидэт” хана туургатай барилга байшингууд Монгол Улсын нийслэлд олноороо сүндэрлэх болов.

Учир нь Монголчууд саяхан галт уулын магмын халуун хайлмагийн царцдасаас тогтсон базальт чулуунаас Basaltwool брэндийн чулуун хөвөнг гарган авч, түүгээрээ барилгын материал үйлдвэрлэж эхэлжээ. 20-р зууны эхэнд Хавайн арлын Килау галт ууланд судалгаа хийж байсан Америкийн залуу эрдэмтэд байгаль дахь чулуун хөвөнг анх нээж түүний дулаан болон дуу тусгаарлах өндөр чадвар, гал ус нэвтрүүлдэггүй гайхамшигт чанарыг олж мэдэн үйлдвэрлэлд нэвтрүүлснээс хойш 100 гаруй жил өнгөрсөн ч өртөг өндөртэй уг технологийг хүссэн сонирхсон бүхэн нь хүртэж ашиглаж завдалгүй өнөөдөртэй золгожээ. Харин Монгол Улсын бизнесмэн, инженер, технологич Л.Ариунболд Дани, Орос, Хятад болон Европийн улс орнуудын туршлагаас судалсны үндсэн дээр Монгол улсад чулуун хөвөн үйлдвэрлэх төслийг 2005 онд боловсруулж “Монгол базальт” компанийг үүсгэн байгуулсан байна.

“Монгол базазльт” компани эрчим хүч хэмнэж дулааны алдагдлыг зогсоох чулуун хөвөн бүтээгдэхүүнийг хэрэглээнд өргөн нэвтрүүлэх замаар дэлхийн дулаарлыг бууруулах, агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн ялгарлыг багасгах, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгахад дорвитой хувь нэмэр оруулахыг хичээж байна. Үүний тулд улс орны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон төслүүдтэй хамтран ажиллаж эхэлжээ. Тухайлбал, үйлдвэрийнхээ анхны бүтээгдэхүүны дээжээр “Женко тур бюро” компаний Цонжин болдог дахь Чингис хааны дурсгалын морьт хөшөөг доторлож, улмаар “Өргөө” кинотеатрын өргөтгөлийн төсөлд хамтран оролцож дуу чимээ тусгаарлагч ханын хавтангуудыг нийлүүлжээ. Мөн “Улаанбаатар” их дэлгүүр, “Шангри Ла”, “Рамада” зочид буудал, “Романиа резидейнс”, “Жигүүр гранд”-ын барилга байгууламжууд, Хөшигтийн хөндийд байгуулж буй шинэ нисэх буудлын цогцолбор гэхчилэн Монгол улсын нийслэл дэх сүүлийн үеийн томоохон бүтээн байгуулалтуудад оролцож бүтээгдэхүүнийхээ чанарыг батлан таниулсаар байна.