48 улирал онц суралцсан төгсөгчдөд шагнал гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна. Жил бүрийг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарлаж, тэдний өмнө тулгамдсан олон асуудлыг шат шатандаа шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Хүүхэд, багачууд, эцэг эхчүүд та бүхэн зөвхөн нэг өдөр баярлах бус өдөр бүр баяртай, жаргалтай байхыг хүсэн ерөөе гэж аймгийн Засаг дарга Б.Азжаргал нэгдсэн үйл ажиллагааг нээж үг хэллээ.
Энэ өдөр “Дархан-50” цогцолбор, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн, Залуучууд театрт нэгдсэн үйл ажиллагаанууд тусгай хөтөлбөрийн дагуу болж байна. Нээлтийн үйл ажиллагааны онцлох нэгэн үйл явдал нь ЕБ-ын сургуулиа 48 улирал онц дүнтэй суралцан төгсөж буй төгсөгчдөд шагнал гардуулах байлаа. Нийт 39 сурагч 12 жил дарааллан онцсайн суралцсаны батламж, тэргүүний сурагч алтан медалиа аймгийн Засаг дарга, хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүнээсээ гардан авлаа. Эдгээр сурагчид өөрсдийн хүссэн мэргэжлээ эзэмшихээр ЭЕШ-даа бэлтгэж байгаа аж. Мөн хичээлээс гадуурх үйл ажиллагаа, өөрийгөө хөгжүүлэх дугуйлан секцэд хамрагдаж тогтмол амжилт үзүүлсээр иржээ.
Тодруулбал
бүжгийн спорт, дуу, улс, бүсийн олимпиадад амжилт үзүүлсэн сурагчид олон
байлаа. Тэд шилдэг сурагчаас шилдэг оюутан цаашлаад ирээдүйн Монгол улс
төдийгүй тив, дэлхийн шилдэг инженерүүд, удирдагчид сэхээтэн болохын төлөө үргэлж хичээх болно гэлээ.
Мөн Улсын
олимпиадын гурвын даваанд Дархан-Уул аймгаас зургаан хүүхэд медаль хүртсэн аж.
Олимпиадад амжилттай оролцсон дээрх хүүхдүүдэд ч мөн тэргүүний сурагч алтан
медаль, баярын бэлэг гардууллаа.
"Дархан-50" цогцолборт гар зургийн үзэсгэлэн, бүжгийн клубуудын танилцуулга, Open Mic, “Бидний өргөө” монгол ахуй, тоглоом наадгай танин
мэдэхүйн үйл ажиллагаа зэрэг хүүхэд багачуудад зориулан олон үйл ажиллагаа болж
байна.



