ДАРХАН-УУЛ: Үр тариа, төмс, хүнсний ногооны 26 орчим хувийг дангаараа хангадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-10-18 18:29:49

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл нь улсын хэмжээний үр тарианы ургацын 4.2 хувь, төмсний 4.4 хувь, хүнсний ногооны 17.6 хувийг эзэлдэг ажээ.  Энэ онд нийт 22180.87 га-д буюу 115 хувийн гүйцэтгэлтэй тариалалт хийжээ. Үүнээс төмс 646.4 га талбайд, хүнсний ногоо 1525.3 га, үр тариа 14563.46 га, тосны ургамал 4808.25 га, малын тэжээл 549 га талбайд тус тус тариалсан аж.

Ургац хураалтын урьдчилсан балансаар аймгийн хэмжээнд 46.5 мянган тонн ургац хураан авна. Үүнээс үр тариа 17.9 мянган тонн, төмс 7.7 мянган тонн, хүнсний ногоо 17.6 мянган тонн, тосны ургамал 1.9 мянган тонн, малын тэжээл 988 тонныг тус тус хураан авах боломжтой төлөв гарчээ.

Урьдчилсан балансаас харахад улаанбуудай, төмс, хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь дотоодын ургацаас хангах боломжтой аж. Үр тарианы хураалтад уртын дадлагын 9 оюутан, төмс, хүнсний ногооны хураалтад Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн түр ажилтан 126, их сургуулийн 303 оюутан, цэрэг 184 нийт 622 хүн, 12 аж ахуйн нэгж талбайд ажиллажээ.

Ургац хураалтын ажил 2022 оны 10 дугаар сарын 18-ны байдлаар 85.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс үр тариа 12853 тонн, төмс 6805.05 тонн, хүнсний ногоо 17019.2 тонн, тосны ургамал 1085 тонн, малын тэжээл 692 тонн ургац хураан авсан дүнтэй байна.  

Аймгийн ХХААГ “Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 20-ны 277 дүгээр тогтоол, Ерөнхий сайдын 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн “Өвөлжилт, хаваржилтын болон ургац хураалтын бэлтгэл хангах тухай” 09 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын төлөвлөгөөг боловсруулан  хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

相关新闻