Нидерланд болон Саудын Арабын хаант улстай агаарын харилцаагаа өргөжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Малайзын нийслэлд болж буй Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ICAO)-ын Олон Улсын Иргэний нисэхийн aгаарын хэлэлцээрийн “ICAN2024” хуралд оролцож буй ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа Нидерландын Хаант улсын төлөөлөлтэй уулзаж, агаарын харилцааны хэлэлцээр үзэглэн, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ нь
Монгол Улс Нидерландын Хаант Улстай 1995 оны 3 дугаар сарын 9-нд байгуулсан
агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах зорилготой бөгөөд санамж бичигт гарын үсэг зурснаар
хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх үүсэж байна.
Түүнчлэн Саудын Арабын хаант улстай агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг тохирч
тохиролцлын бичигт гарын үзэг зурав.
Энэ бичигт aгаарын харилцааны хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, талууд
холбогдох хууль тогтоомж дүрэм журмын дагуу хэлэлцээрийн төслийг үзэглэх,
батлах, дотоод эрх зүйн
ажиллагааг шуурхай гүйцэтгэхийг чухалчилжээ.
Эдгээр хэлэлцээрийг хэрэгжүүлэх нь олон улсын нислэгийн
сүлжээг өргөжүүлж, улс хоорондын агаарын харилцааг сайжруулах, шинэ зах зээлд
нэвтрэх, хоёр улсын худалдаа, эдийн засгийн салбарыг хөгжүүлэх, аялал
жуулчлалын урсгалыг нэмэх ач холбогдолтой юм.
Олон улсын
иргэний нисэхийн aгаарын
харилцааны хэлэлцээрийн хурлыг 2008
оноос жил бүр зохион байгуулж
байна. Дэлхийн улс орнуудын агаарын тээврийн харилцааг өргөжүүлэх, шинэчлэх
зорилготой тус хурал нь олон
улсын иргэний байгууллагын санаачилгаар хийдэг агаарын тээврийн хэлэлцээрүүдийг
төвлөрүүлэн богино хугацаанд олон улс
хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, шууд хэлэлцээр хийх боломж олгодог аж. Хуралд оролцогч улсууд олон талын хэлэлцүүлэг хийж, харилцан
ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ зах зээлийг нээлттэй болгож,
агаарын тээврийн хүртээмжийг нэмэх боломжтой. Мөн ICAN нь цаг хугацаа, зардлыг хэмнэх, олон улсын
түншлэлийг өргөжүүлэх, улс орнуудын иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхэд хувь
нэмэр оруулдгийг ИНЕГ мэдээлжээ.
Манай улс тус
хуралд 2013, 2018 онд, мөн энэ
жил оролцож байна. Куала Лумпур
хотноо болсон “ICAN2024” хуралд 83 улс, хоёр олон улсын байгууллагын 700 гаруй төлөөлөгч оролцжээ.