ХОВД: Гурван суманд шинээр хөв цөөрөм байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-20 08:53:10

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Энэ жил Ховд аймагт гурван шинэ хөв цөөрөм байгууллаа.


Тодруулбал, Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн арал, Чандмань сумын Талын булаг багийн шандын булаг, Манхан сумын Ботгон багийн хоолт гэх газарт хөв цөөрмийн бүтээн байгуулалт хийсэн юм. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй мөнх цас, мөсөн голын хайлалт, усны хомсдол, бэлчээрийн доройтолд хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх зорилготой байлаа. Мөн хөв цөөрөм нь гадаргын ус хуримтлуулах, бичил уур амьсгал бүрдүүлэх, малын усан хангамжийг сайжруулахад давуу талтай.    


Тус ажлыг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг сайжруулах нь” (АДАПТ) төслийн хүрээнд гүйцэтгэхдээ 300 сая орчим төгрөгийн санхүүжилт зарцуулжээ.   


Мөн ирэх онд зургаан суманд шинээр хөв цөөрөм байгуулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр малчид, орон нутгийн иргэд  хөв цөөрмийг ашиглан газар тариалан эрхлэх, бэлчээрийн талбайн усалгааг нэмэгдүүлэх, цөлжиж доройтсон газрыг сэргээх, татмын ойжуулалт хийх боломж бүрдэх юм.      

相关新闻