ХОВД: Аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна.
Энэ оны наймдугаар сарын байдлаар Ховд аймаг 25 мянга гаруй жуулчин хүлээн авчээ. Үүнээс 22 мянга нь дотоодын аялагч бол 3010 нь гадаадын аялагч байлаа.
Ховдынхон аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр энэ онд ямар ажил хэрэгжүүлж байгаа талаар Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас тодрууллаа.
Тус аймагт байгалийн болон соёлын өвийн нөөц их боловч аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн бодлого, чиглэл, дэд бүтэц, хүний нөөц, бүтээгдэхүүн үйлчилгээ, маркетингийн хөгжүүлэлт хангалтгүй байгаа юм.
Иймээс Ховд аймгийн хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах ажлын баг байгуулжээ.
Тус ажлын багийнхан зургаан зорилт бүхий 37 ажлыг 2029 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
Мөн аялал жуулчлалын үйлчилгээний чанар, стандарт, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сургалт, зөвлөгөөн, өв соёлын наадам, үзэсгэлэн худалдаа зэргийг үe шаттай зохион байгуулж байна.
Энэ онд Ховд аймагт аялал жуулчлалын мэргэжлийн салбар холбоог шинээр үүсгэн байгуулжээ.
Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар аялал жуулчлалын мэдээллийн төвийн байр шинээр барьж, энэ онд ашиглалтад оруулж буй.
Ирэх онд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд "Мөнгөлөг шагшуурга" мөсний баяр, "Цайны зам" өв соёлын наадам, "Тарвасын баяр" гэх мэт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.