Египетийн Их музей нээгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАИР, 2025 оны арваннэгдүгээр сарын 2 /AP/. Египетчүүд бямба гарагт эртний бурхад болон пирамидуудыг дүрсэлсэн гэрлийн шоу бүхий нээлтийн ёслолоор Их музейг нээлээ. Энэхүү музей нь тус улсын олон мянган жилийн түүхтэй өв уламжлалыг баялаг, орчин үеийн үзмэр болгох зорилготой мега төсөл юм.
Гизагийн пирамид болон Сфинксийн ойролцоо 20 гаруй
жилийн турш барьж байгуулсан энэхүү музей нь Египетийн аялал жуулчлалын салбарыг
хөгжүүлэх, хүнд нөхцөл байдалд ороод буй эдийн засгийг дэмжих засгийн газрын
зорилгын гол цөм хэсэг ажээ.
Европын болон Арабын хааны удмын гэр бүл, Ерөнхийлөгч, Ерөнхий
сайд нар оролцсон тансаг нээлтийн ёслолын үеэр Египетийн Ерөнхийлөгч Абдель
Фаттах ас-Сиси хэлэхдээ, энэхүү музейг яриа хэлэлцээний платформ, мэдлэгийг
түгээн дэлгэрүүлэх газар, хүн төрөлхтний төлөөх форум, амьдралд хайртай, хүн
төрөлхтний үнэ цэнд итгэдэг бүх хүнд зориулсан гэрэлт цамхаг болгохыг уриалжээ.
Их музей нь А.Сисигийн хувьд 2014 онд үүрэгт ажилдаа орсноосоо хойш
дэмжиж ирсэн хэд хэдэн мега төслийн нэг бөгөөд Египетийн эдийн засгийг сэргээх
зорилгоор уг музейн бүтээн байгуулалтад их хэмжээний хөрөнгө оруулсан байна.
Египетийн фараоны түүх нь жуулчдын сонирхлыг ихээхэн татсаар ирсэн юм. Гэхдээ
жижиг үнэт эдлэлүүд, булшны өнгөлөг ханын зургуудаас эхлээд фараонууд болон
амьтны толгойтой бурхдын өндөр баримлууд зэрэг асар олон тооны эд өлгийн
зүйлийг дэлгэн үзүүлэхэд удаан хугацааны турш хүндрэл бэрхшээлтэй тулгарч ирсэн бөгөөд улс орон даяар олдворуудыг илрүүлэх ажил үргэлжилсээр байгаа тул үзмэрүүдийн
тоо улам бүр нэмэгдсээр байгаа юм.
Харин эртний соёл иргэншилд зориулсан дэлхийн хамгийн том
музей гэгдэж буй орчин үеийн хэв маяг бүхий Их музейн задгай танхимууд нь
виртуал бодит байдлын үзмэрүүдийг оролцуулаад нийт 50 мянга орчим эд өлгийн
зүйлийг дэлгэн үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн Тутанхамун хааны булшийг 1922 онд олж
илрүүлснээс хойш анх удаа уг булшнаас олдсон эрдэнэсийн цуглуулгыг бүхэлд нь дэлгэн
үзүүлж байгаагаараа онцлогтой ажээ.

Нийт 1 тэрбум ам.долларын өртөг бүхий төслийн барилгын ажил
2005 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Хосни Мубаракийн үед эхэлжээ. Гэвч 2011 онд
Египетийн удирдагчийг түлхэн унагасан бослогын улмаас бүтээн байгуулалтын ажил
тасалдсан байна. Улмаар бусад шалтгааны улмаас хойшилсны эцэст энэ оны зургаадугаар
сард музейг нээхээр төлөвлөж байсан боловч Израил, Ираны хооронд 12 хоногийн
дайн эхэлсний дараа ёслолыг хойшлуулахаар шийдвэрлэжээ.
Египетийн Аялал жуулчлал, эртний эд өлгийн яамны сайд Шериф Фатигийн мэдээлснээр,
Их музей нь жилд 5 сая жуулчныг татах төлөвтэй байна. Ингэснээр дэлхийн хамгийн
алдартай музейнүүдийн нэг болох юм. Харьцуулж үзвэл, 2024 онд Парисын Луврын музей
8.7 сая, Британийн музей 6.5 сая, Нью-Йоркийн Метрополитан урлагийн музей 5.7
сая жуулчныг тус тус хүлээн авсан билээ.
Ulaanbaatar