Лондон дахь Сирийн Элчин сайдын яамыг дахин нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-11-14 10:09:56

ДАМАСК, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /AP/. Сирийн Гадаад хэргийн сайд Асад аль-Шибани Их Британийн нийслэл Лондон хот дахь тус улсын Элчин сайдын яамыг пүрэв гарагт албан ёсоор нээлээ. Сүүлийн арав гаруй жилийн турш хаагдаад байсан тус яамыг ийнхүү нээсэн нь Ерөнхийлөгч асан Башар Асадыг түлхэн унагасны дараа Сири олон улсын нийгэмлэгт эргэн нэгдэж буйн ээлжит алхам болж байна. 


Их Британид хийж буй А.Шибанигийн айлчлал нь Сирийн түр Ерөнхийлөгч Ахмед аль-Шараагийн Вашингтонд хийсэн түүхэн айлчлалын дараа болж байгаа юм. А.Шараагийн айлчлал нь Сири 1946 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш тус улсын Ерөнхийлөгчийн Цагаанд ордонд хийсэн анхны айлчлал болсон билээ.


А.Шибани Лондон хотод төвтэй “Chatham House” олон улсын харилцааны судалгааны төвийн зохион байгуулсан үйл ажиллагааны үеэр үг хэлэхдээ, Их Британийн Гадаад хэргийн сайд Иветт Купертэй хийсэн уулзалт “амжилттай” болсон гэж мэдэгджээ. “Сири, Их Британийн харилцааны тухайд бид шинэ хуудас нээх тухай бус, харин гүнзгийрүүлэх тухай ярьж байна” гэж тэрбээр хэллээ.


Б.Асадыг унагасны дараа зарим улс орон лалын шашинт босогч байсан А.Шараагийн өнгөрсөн үеийн талаар эхэндээ болгоомжилж байсан боловч “Их Британийн хувьд бусад орнуудтай харьцуулахад дэвшилтэй байр суурьтай байсан” гэж А.Шибани хэлсэн байна. Тус улс хориг арга хэмжээнүүдийг эрт цуцалж, Сирийн шинэ засгийн газартай харилцаагаа хурдан сэргээсэн гэдгийг тэрбээр дурджээ.


Энэ оны эхээр байгуулагдсан Сирийн шинэ засгийн газар 2011 онд аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн явдлаас үүдэн 14 жилийн турш үргэлжилсэн иргэний дайны үеэр Б.Асадын засгийн газраас нүүр буруулсан орнуудаас өргөн хүрээний дэмжлэг авч байгаа боловч зарим улс шинэ дэглэмийн үед үүсээд буй цөөнхийн нөхцөл байдалд санаа зовнисоор байна.


Сүүлийн саруудад Сирийн эрэг болон өмнөд нутгийн Свейда мужид мөргөлдөөн гарч, улмаар шашны үймээн самуун болж хувирсан бөгөөд засгийн газрыг дэмждэг, суннит урсгалыг дагагч зэвсэгт этгээдүүд Алавит болон Друз шашны цөөнхийн олон зуун энгийн иргэнийг хөнөөжээ. Пүрэв гарагт А.Шибанигийн хэлснээр, уг хүчирхийлэлд оролцсон хэргээр одоогоор 300 орчим хүн шоронд хоригдож байгаа бөгөөд засгийн газар орон нутгийн цагдаагийн хүчинд алавитуудыг элсүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

相关新闻