Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар шатар сонирхогчдын ДАШТ-д түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-14 10:11:47

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Сербийн Врньяка Баня хотноо болсон шатар сонирхогчдын ДАШТ-ээс Монголын шатарчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ.


51 орны 289 шатарчин U1700, U2000, U2300 гэсэн ангилалд 18 медалийн төлөө өрсөлдсөн энэхүү тэмцээнд манай улсаас 24 тамирчин оролцов. Тэмцээний эмэгтэйчүүдийн 2000 хүртэлх чансааны ангилалд “Ласкер” клубийн тамирчин Б.Хүслэнзаяа есөн өргөөс долоо хожиж, хоёр тэнцсэнээр найман оноотой түрүүллээ. Ингэснээр тэрбээр Монгол Улсаас тодорсон шатар сонирхогчдын 17 дахь дэлхийн аварга цолтон болсон бөгөөд 20 дахь алтан медалийг эх орондоо авчирч байна. Түүний хувьд хоёр жилийн өмнө энэхүү тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.


Тэгвэл 2300 хүртэлх чансааны ангилалд “Sana chess” академийн дасгалжуулагч Ц.Сайханчимэг 5.5 оноогоор алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга болов. Тэр өнгөрсөн онд 2000 хүртэлх чансааны ангилалд дэлхийн аварга болж байсан бол ганцхан жилийн дараа амжилтаа давтлаа. 2006 онд гавьяат дасгалжуулагч Ц.Батболдын удирдлагад их мастер А.Энхтуул, ФИДЕ мастер Н.Бадамханд, Ц.Саруул нарын хамт багийн ДАШТ-д оролцохдоо хувийн дүнгээр алтан медаль хүртэж байсан тэрбээр өдгөө АНУ-д ажиллаж, амьдардаг бөгөөд “Sana chess” академийг байгуулан шавь нараа бэлдэж байна.


Харин эрэгтэйчүүдийн 1700 хүртэл чансааны ангилалд Д.Дөлгөөнжаргал 7.5 оноогоор хүрэл медалиар энгэрээ мялааж, алтан соёмбот төрийн далбаагаа Сербид мандууллаа. Түүнийх хувьд Монгол Улсын 40 дэх медальтан болов. Үүнээс гадна манай 13 шатарчин шилдэг 20 тамирчны эгнээнд багтав.

Ингэснээр Монгол Улсын баг хоёр алт, нэг хүрэл медальтайгаар тус тэмцээнд оролцсон 51 орноос хоёрдугаар байрт орлоо.





 

相关新闻