ЕАБХАБ Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөг дэмжих бодлогын хэрэгжилтийг сайшаалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2025-12-07 14:18:55
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 32 дугаар уулзалтад оролцох үеэрээ тус байгууллагын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Яан Браатутай уулзаж, Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр баримталж буй бодлого болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Сайд Б.Батцэцэг Монгол Улсын хэвлэл мэдээллийн эрх зүйн орчны шинэчлэлийн үйл явцад ЕАБХАБ-аас үзүүлсэн хууль зүйн зөвлөмж, хамтарсан дүгнэлтийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв. Мөн мэдээллийн хүртээмж, ил тод байдлыг хангахын зэрэгцээ хэвлэлийн салбарын тогтвортой, хараат бус хөгжлийг дэмжих нь Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг онцлон тэмдэглэв.


Цаашдын хамтын ажиллагааны хүрээнд мэдээллийн боловсрол, ёс зүйт хэвлэл мэдээлэл, цахим аюулгүй байдал болон салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх шаардлагыг онцолж, сэтгүүлчид болон төрийн алба хаагч нарт зориулсан хамтарсан сургалт, чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх санал дэвшүүлэв.


ЕАБХАБ-ын зүгээс Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөг дэмжих бодлогын хэрэгжилт, салбарын ахиц дэвшлийг сайшаан үнэлж, мэдээллийн боловсрол болон мэргэжлийн сэтгүүл зүйн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэр дундаа мэргэжлийн сэтгүүлчид оролцсон сургалт зохион байгуулахад бэлэн буйгаа илэрхийлэв.

相关新闻