Өмнөд Солонгост нэг гишүүнтэй өрхүүд давамгайлж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-12-09 12:39:04

СӨҮЛ, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /Yonhap/. Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын нийт өрхийн 36 орчим хувийг нэг гишүүнтэй өрхүүд эзэлж байгааг Засгийн газраас өнөөдөр танилцуулсан тайлан мэдээлэл харууллаа.


Тодруулбал, 2024 онд нэг хүнтэй 8.05 сая өрх байсан нь тус улсын нийт өрхийн 36.1 хувийг эзэлж байгааг Өгөгдөл, статистикийн яамнаас явуулсан судалгаагаар тогтоожээ. Харин хоёр гишүүнтэй өрх 29 орчим хувь, гурван гишүүнтэй өрх 18.8 хувийг тус тус эзэлсэн байна. Үлдсэн 16 хувь нь дөрөв ба түүнээс дээш гишүүнтэй өрх байжээ.


Нэг гишүүнтэй өрхийн эзлэх хувь 2024 оны өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар, хоёр гишүүнтэй өрхийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар өссөн байна. Харин эсрэгээрээ гурван гишүүнтэй болон дөрөв ба түүнээс дээш гишүүнтэй өрхийн эзлэх хувь 0.2, 0.8 хувиар тус тус буурчээ.


Насны хувьд нэг гишүүнтэй өрхийн 19.8 хувь нь 70 ба түүнээс дээш насныхан, 17.8 хувь нь 29 ба түүнээс доош насныхан байна. Ийм өрхүүдийн 60 гаруй хувь нь ажил эрхэлдэг байсан бөгөөд 10 хүн тутмын дөрөв нь жижиг бизнес эрхэлж, эсвэл нийтийн үйлчилгээний салбарт ажилладаг ажээ. 


Ганцаараа амьдардаг хүмүүсийн жилийн дундаж орлого 2024 онд 34.23 сая вон /23,288 ам.доллар/ болсон нь өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн боловч нийт өрхийн дундаж орлого болох 74.27 сая воноос эрс бага байна. Судалгаагаар нэг гишүүнтэй өрхийн 51.1 хувь нь нийгмийн харилцаандаа сэтгэл хангалуун байгаа нь нийт өрхийн дундажтай /55.5 хувь/ харьцуулахад доогуур байна. Түүнчлэн ганцаараа амьдардаг хүмүүсийн 49 орчим хувь нь байнга эсвэл зарим үед ганцаарддаг хэмээн хариулсан байна. Энэ үзүүлэлтийг нийт өрхийн 38.2 хувьтай харьцуулахад эрс өндөр байна.

 


相关新闻