ХӨВСГӨЛ: “Хөвсгөл хүүхдийн дүр төрх-2025” судалгаанд 2500 хүүхдийг хамруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хүүхдийн хөгжлийн онцлог, боловсролын хэрэгцээ шаардлагыг нарийвчлан тодорхойлж, сургалтын арга зүйг шинэ шатанд гаргах зорилготой “Хөвсгөл хүүхдийн дүр төрх-2025” судалгааг хийж дууссан байна.
Тус судалгаа нь хүүхэд бүрийн өөртөө итгэх итгэл, бие даах чадвар, тэгш оролцоог хангахуйц сургалтын хөтөлбөр, багшлахуйн арга зүйг боловсронгуй болгох зорилготой юм.
Аймгийн хэмжээнд боловсролын чанарыг сайжруулах, хүүхэд бүрийн хөгжилд нийцсэн бодлого хэрэгжүүлэхэд тус судалгаа чухал мэдээлэл, чиглүүлэгч баримт бичиг болно гэдгийг Боловсролын газрын дарга О.Бадраа ярилаа.
Судалгааг аймгийн Засаг даргын дэмжлэг, Боловсролын газрын идэвхтэй оролцоотойгоор Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн судлаачдын баг хэрэгжүүлсэн байна.
Судалгааны дүн болон боловсруулсан бодлогын баримт бичгийг аймгийн Боловсролын газрын дарга О.Бадраа аймгийн Засаг даргад хүлээлгэн өгч, энэхүү ажил нь хүүхэд бүрийн хөгжлийн түвшин, чадварын ялгаатай байдлыг нарийвчлан тодорхойлж, тэдэнд тохирсон сургалтын технологи нутагшуулахад чиглэсэн үндсэн суурь болохыг онцоллоо.
Судалгаанд аймгийн төв болон урд, баруун, хойд, зүүн гэсэн таван бүсийг хамруулж, сургуулийн өмнөх боловсролын 7 байгууллага, ерөнхий боловсролын 7 сургуулийн нийт 2500 орчим хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшил, хөгжлийн орчны онцлогийг нарийвчлан судалсан байна.
Мөн хүүхдийн хөгжилд нөлөөлж буй
гэр бүл, орчин, нийгмийн хүчин зүйлсийг иж бүрэн үнэлжээ.



Ulaanbaatar