“Сүүдэр шийний хүүхдүүд” номонд 55 киноны дүр, зохиолын утга санаа багтжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэн өнөөдөр монгол киноны түүхийг агуулсан “55:25 сүүдэр шийний хүүхдүүд” номоо өлгийдөн авлаа.
Тэрбээр анхны “Монголын киноны нэвтэрхий толь” номоо хань Д.Цэцэгээтэйгээ хамтран 2005 онд бичсэнээс хойш хоёр дахь номоо ийнхүү уншигчдын хүртээл болгож буй юм. Тус номонд монгол киноны өнгөрсөн, одоо үеийн түүхийг нарийвчлан судалж багтаан, хоёр жилийн хугацаанд бичжээ.
Найруулагч номынхоо талаар “Би Монголын кино урлагтай ажил, амьдралаа холбоод 55 жил болжээ. Энэ номд монголын уран сайхны 55 киноны дүр, зохиол, утга санааны задаргааг багтаасан. Харин 25 гэдгийн учир нь 25 бүрэн хэмжээний уран сайхны кино хийжээ. Тиймээс товч тоогоор номын нэрийг тодотгосон” гэдгийг хэллээ.
Энэхүү ном нь “Хөх толботой хүүхдүүд”, “Харь овогтой хүүхдүүд буюу ихэр жаалууд”, “Миний муусайн хүүхдүүд” гэсэн гурван бүлэгтэй.
Монголын театрын музейд болсон номын нээлтэд Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэн, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Ардын жүжигчин П.Цэрэндагва болон гэр бүл, үр хүүхэд, шавь нарынх нь төлөөлөл хүрэлцэн ирсэн байв.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр