Нас барсан хүүгийн үхэлд хэн буруутай вэ?

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-28 15:13:45

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 11-р ангийн сурагч хүү энэ сарын 23-ны өдөр тархиндаа цус харваж БОЭТ-ийн Сэхээн амьдруулах тасагт гурав хоноод нас барсан байна.

Тэрээр Цагдаагийн газарт цаг гаруй хугацаанд байцаагдаад сургууль дээрээ очихдоо ангийнхаа хүүхдүүдэд “Цагдаа нар намайг зодсон. Толгой өвдөөд байна” гэж хэлж байжээ. Тиймээс тус хэрэгт цагдаагийн албан хаагч холбогдолтой эсэхийг аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Батзаяагаас тодрууллаа.

Тэрээр, “12 сарын 23-ны өдөр хүүхэд утсаа дээрэмдүүлчихлээ гэх мэдээлэл манайд ирсэн. Утсаа дээрэмдүүлсэн хүүхдийн аав утас дээрэмдсэн гэх хүүхдийг олж цагдаагийн байгууллага дээр 15 цагийн орчимд авчирсан. Манай дээр нэг цаг байх хугацааны бичлэг нь камерт бүрэн бичигдсэн байгаа. Энэ бичлэгийг Прокурорын байгууллагын тусламжтайгаар хуулаад шалгалтын ажиллагаа явагдсан. Цагдаагийн албан хаагч буруутай нь тогтоогдоогүй учраас Прокуророос шалгаагүй. Цагдаагийн албан хаагчийн зүгээс ёс зүйгүй харьцах, бусдын эрх чөлөөнд халдах асуудал гаргаагүй болохыг би хариуцлагатайгаар хэлье” гэлээ.

Хэрэг гарсан өдөр нас барсан хүү бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн байна. Харин хохирогч хүүхдийн аав түүнийг олж цагдаагийн байгууллагад хүргэсэн. Цагдаагийн байгууллагаас уг хүнийг сэжигтнээр татан хориод байгаа юм.

Мөн тухайн хүүхдийн бие муудаж БОЭТ-ийн 103 утсанд дуудлага өгөхөд очсон эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүй гэх гомдол ар гэрийнхэнд байгаа аж.

Энэ талаар БОЭТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Энх-Амгалангаас тодруулахад “Дуудлагаар очсон эмч хүүхдэд ямар нэг саа саажилт, харвалтын шинж байгаагүй учраас толгой нь хүчтэй өвдөөд байвал дахиж үзүүлээрэй гэж байсан айлынх нь хүмүүст захьчихаад ирсэн байна. Тэр хүүхэд эмчийн өөдөөс хараал тавиад, согтуу юм шиг байсан гэсэн. Харвалт хоёр янз байдаг. Тархины эд дотор судас хагараад бүлэнгэ үүсэн харвалт өгдөг бол тархины усан шингэн явдаг зам дотор цус орж харвах тохиолдол бий. Тэр хүүхэд тархины усан шингэн явдаг зам дотор цус орж харвасан байсан. Энэ тохиолдолд оношлоход бэрх. Заавал компьютер томографаар шинжилгээ өгч байж мэдэгддэг” гэсэн хариулт өглөө. 

Б.Батчимэг

Related news