Г.Ганболд:ИТХ-аас гаргаж буй тогтоол, шийдвэрийн биелэлтүүд харьцангуй сайн хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-11 11:13:44

2015 он улиран одож 2016 он эхэлж байгаатай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  дарга Г.Ганболдоос зарим асуудлаар мэдээлэл авлаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь төлөөллийн байгууллага агаад орон нутгийнхаа ард иргэдийн эрх ашгийг төлөөлөн бодлого боловсруулах, хэрэгжилтийг хянах үндсэн зорилготой байдаг билээ.

-2015 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэдэн удаа хуралдав. Хуралдааны гол асуудлууд юу байсан бэ?

-Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 онд ээлжит том хуралдаанаа 3 удаа явуулж, 15 асуудал хэлэлцлээ. Эдгээр асуудлуудын дийлэнх нь аймаг, орон нутгийн төсвийг батлах, төсөвт тодотгол хийх, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтэнд үнэлэлт дүгнэлт өгөх, ирэх оны төлөвлөгөөнүүдийг батлах тухай байсан.

ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 20 удаа хуралдаж, 119 асуудал хэлэлцсэн байна. Тэргүүлэгчдийн хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын явцыг сум тус бүрээр, аймгийн хэмжээнд, улирал бүрээр хэлэлцсэн. Мөн хууль бус алт олборлож байгаа аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, нөхөн сэргээлтийн ажилд хяналт тавьж, шашин, сүм хийдийн харилцааны асуудлаар иргэдээс ирсэн санал  хүсэлтийг шийдвэрлэх, тусгай зөвшөөрөл олгох талаар багагүй хэлэлцлээ.

Мөн хуралдаан бүрт аймаг, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулсан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнуулах асуудал яригдсан байна.

-ИТХ-аас гаргасан тогтоолын биелэлтэд хэр хяналт тавьж ажилласан бэ?
-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарч байгаа бодлого, шийдвэрүүдийн дийлэнх нь аливаа асуудалд хэм хэмжээ тогтоосон, журам баталсан шийдвэрүүд байдаг. Энэ тогтоол, шийдвэрийн биелэлтүүдийг бид өнгөрсөн жил ИТХ-аар авч үзээд 76 хувийн биелэлттэй байна гэж дүгнэсэн.

Тэгэхээр тогтоол, шийдвэрийн биелэлтүүд харьцангуй амжилттай хэрэгжиж байна. Яагаад гэвэл ИТХ-аас гаргаж буй шийдвэрүүдийн зарим нь тухайн үедээ хэрэгжих боломжтой бол 2-3 жилийн туршид хэрэгжих шийдвэр ч байдаг.

-Өнгөрсөн хугацаанд ИТХ-ын Төлөөлөгчид хэр сайн ажилласан гэж та үзэж байна вэ?
-Аймаг, орон нутгийн ажил нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргаж байгаа бодлого, шийдвэрээс шууд шалтгаалдаг. Аймгийн Засаг дарга, ИТХ-ын байгууллага хоёрыг салгаж ойлгож болохгүй.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн жилд аймагтаа хийж хэрэгжүүлэх бодлогыг гаргаж, хөрөнгийг шийдвэрлэдэг, Засаг дарга нь түүний гүйцэтгэлийг хэрэгжүүлдэг юм. Тиймээс аймаг, орон нутгийн ажил төрөл сайн явж байгаа нь ИТХ-ын тогтвортой үйл ажиллагаатай холбоотой.

Энэ удаагийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өмнөх хурлуудыг бодвол харьцангүй олон нам, олон хүний хүрээнд бодлого барьж байгаа. Өмнөх жилүүдэд  үндсэндээ нэг нам дангаараа ИТХ-ыг бүрдүүлдэг байсан.

2012 оны Орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам 17 хүнтэй бүлгийг анх удаа байгуулсан юм. Бүлгийн харьцаа 17х24 байсан, одоогоор бол 17х21 байна. Хоёр нам хүчний харьцаа ойролцоо байна гэдэг нь ИТХ-ын хэлэлцэх асуудалд бодитой хандаж, олон талаас нь ярилцаж шийдвэрлэж байна гэсэн үг. ИТХ-д суудалтай хоёр намаас өөрсдийн асуудлыг оруулахын тулд хуралдаа ирц сайтай, хангалттай сайн оролцсон.

-Зарим төлөөлөгчид бүрэн эрхээсээ татгалзсан талаар та тайлбар өгөхгүй юу? Тэднийг нөхөж хүн сонгох уу?
-2012 оны сонгууль холимог системээр буюу хувь тэнцүүлсэн пропарцианаль тогтолцоогоор явагдсан. Ардчилсан намаас намын нэрсийн жагсаалтаар сонгогдсон нэг төлөөлөгч чөлөөлөгдсөн учраас тэр хүний дараа жагсаж байсан хүн оронд нь сууж ИТХ-ын Төлөөлөгч болсон. Мажиротар буюу тойргоор сонгогдсон 4 хүн өргөдөл өгсөн. Тэдний оронд нөхөн сонгууль явагдахгүй. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 41 төлөөлөгчтэй байсан бол 37 төлөөлөгчтэйгөөр энэ бүрэн эрхийн хугацаа дуусна.

Сонгуулийн хуулиар дараагийн сонгууль болохоос нэг жилийн өмнө ямар нэгэн сонгууль явуулахыг хориглосон байдаг.

-2016 онд ямар зорилт дэвшүүлж ажиллах вэ?
-2016 оныг аймгийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж байгаа. Иргэдээс бид олон хэлбэрээр санал авсан. Иргэдээс ирүүлсэн саналын дийлэнх нь ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, жижиг дунд үйлдвэрийг дэмжих гээд өрхийн амьжиргааны чиглэлээр давамгай санал өгсөн. Гэвч өгсөн санал бүрт залуучууд гэсэн нэр томьёо байсан учраас бид бүхэлд нь Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласан байгаа юм.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байраар хангах, залуу гэр бүлүүдэд хөнгөлттэй гэр зээл олгох, залуучуудын боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийг сайжруулах олон тулгамдсан асуудал бий.

Оны эхний сард багтаан зорилтот жилийнхээ нээлтийг хийнэ.  Аймгийн ажлын хэсэг байгуулагдаж, жилийн ажлын төлөвлөгөө гаргана.

Хөрөнгө мөнгө бага байгаа учраас залуучууд бүрийг дэмжээд ажлын байртай болгох, жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлттэй зээлэнд хамруулах боломж бол бага. Гэхдээ залуучуудад боломж олгох чиглэлээр бүтэн жил ажиллана гэж бодож байна.

-Эрүүл мэндийг дэмжих жилийн ажилд та ямар үнэлгээ өгөх вэ?
-2015 онд зарласан Эрүүл мэндийг дэмжих жилийн ажлыг ИТХ-аас дүгнэж 96,7 хувийн үнэлгээ өгсөн. Энэ ажилд орон нутгаас 300-аад сая төгрөг шийдвэрлэж, БОЭТ-рүү хандсан маш их ажлыг хийсэн. БОЭТ-д очоод ажиллахад өөрчлөлтүүд гарсан нь илт мэдэгдэж байгаа.

Эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын үр шимийг хүртсэн олон иргэн, гэр бүл бий. Хүн амыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах ажилд хөдөөний иргэд маш сайн хамрагдсан. Аймгийн 113 мянган хүнээс 70 мянган хүнийг үзлэг, оношилгоонд хамруулж, 32 мянган хүнийг онош тодруулах шаардлагатай хэмээн улсын томоохон эмнэлгүүд рүү явуулсан. Нэг суманд гэхэд 2-3 хүн хорт хавдрын өвчлөлийг эрт үед нь оношлуулан эмчлүүлж байна. Түүнчлэн аль суманд ямар өвчлөл түлхүү байна вэ гэдгийг мэдэж, ангилж авлаа. Жишээ нь Нарийнтээл суманд гэхэд зүрх судасны өвчлөл хамгийн их байна.

Тийм учраас эрүүл мэндийг дэмжих жилийн ажил маш үр дүнтэй болсон гэж үзэж байгаа юм. Энэ ажлаа цааш нь үргэлжлүүлж 2016 онд яагаад өвчлөөд байна гэдэг шалтгааныг олохын тулд ажиллана.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news