Монгол Улс дэлхийн аялал жуулчлалын салбарын идэвхтэй тоглогч болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2016-01-21 13:02:13

Энэ сарын 18-19-ний өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг Испаний Вант Улсын Мадрид хотноо НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын төвд ажлын айлчлал хийсэн юм.

Энэхүү айлчлалаар Монгол улс цаашид аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг хэрхэн хангах, дэлхийн болон бүс нутгийн интеграцчилалд хамрах, олон улсын хамтын ажиллагаанд оролцох стратеги болон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтран ажиллах ойрын 10 жилийн алсын харааг тодорхойлох зэрэг асуудлууд дээр санал солилцон тодорхой шийдвэр гарган, харилцан тохиролцсон байна.

Айлчлалын үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифай Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын салбарын томоохон тоглогчийн нэг болох бүрэн боломжтой бөгөөд энэ зорилгод хүрэхэд ДАЖБ-ын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхээ цохон тэмдэглэсэн. Түүнчлэн Монгол Улс CNN, National Geographic зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дэлхийн хамгийн зорин очиж, сонирхох газар  нутгийн нэг хэмээн зарласан нь цаашид Монгол Улс дэлхийн ирээдүйтэй аяллын нэг төв болох боломж бүрдэж буйг Нүүдлийн аялал жуулчлал харуулж байна хэмээсэн юм.

Энэ удаагийн айлчлалаар талууд дараах бодит шийдвэрүүдийг гаргаад байна. Тухайлбал:

Аялал жуулчлалын тандалт, судалгааны төвийг /Tourism observatory/ ДАЖБ-ын тусламжтайгаар анх удаа байгуулахаар тохиролцов. Энэхүү төв нь аялал жуулчлалаас байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, жуулчны статистик тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан үүсгэх зорилготой.

"Нүүдэлчдийн аялал жуулчлал" сэдэвт дэлхийн аялал жуулчлалын анхдугаар форумыг 2016 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо ДАЖБ-тай хамтран зохион байгуулахаар тохиролцов.Энэхүү форумд аялал жуулчлалын сайд,  өндөр хэмжээний зочид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл,  эрдэмтэн судлаачдын оролцоог хангах үүргийг ДАЖБ хүлээсэн."Нүүдэлчдийн аялал жуулчлал" форумыг зохион байгуулснаар "Нүүдэлчдийн замаар аялахуй" аяллын брэндийг хөгжүүлэн түүний манлайлагч орон байх, олон улсын зах зээл дээр өрсөлдөхүйц аялалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх өргөн боломж бий болох юм. Түүнчлэн дэлхийн аялал жуулчлалын хөгжлийг Монгол Улсад хэлэлцэх гэж буй нь  томоохон маркетинг болох ба Монгол Улсыг олон улсад хурлын өмнө болон дараа нь сурталчлах өргөн бололцоо бүрдэж байна.

НҮБ-ын ДАЖБ-ын төвд Монгол Улсаас мэргэжилтнүүдийг урт хугацаанд дадлагажуулан ажиллуулах, ДАЖБ-аас зохион байгуулдаг сургалтад мэргэжилтэнүүдээ хамруулахаар тохиролцов,

Аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулж, аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөөг боловсруулах, олон улсын төлөвлөгөөтэй уялдуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхээр тогтов,

Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх тал дээр техникийн тусламж үзүүлэх талаар санал солилцсон байна

Related news