Г.Шийлэгдамбын ил захидалтай холбогдсон асуудлыг АТГ нэмж шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-02 13:00:55

Г.Шийлэгдамбын олон нийтэд хандаж бичсэн ил захидал багагүй анхаарал татаж байна. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас бодит байдлыг  тодруулав. 

-Г.Шийлэгдамбын бичсэн  ил захидал олны анхааралд өртөж үнэн, худал гэж маргах боллоо. Энэ талаар тодруулга өгнө үү?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын бичсэн олон нийтэд хүргэх ил захидалд дурдагдсан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй асуудлыг шалгахаар мөрдөн байцаалтын ажиллагаа хийж байна. Хэргийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан нэмэлт ажиллагаа хийлгэхээр Г.Шийлэгдамба нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас мөрдөн байцаалтад буцаасан. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. 

- МАХН-ын байранд үзлэг нэгжлэг хийхдээ интернетийг нь тасалсан, ерөнхий нягтлан бодогчийг нь саатуулсан нь үнэн үү?

-МАХН-ын байрны санхүүгийн өрөөнд нэгжлэг явуулж, шаардлагатай баримтыг хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн. Нэгжлэгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу прокуророос өгсөн зөвшөөрлийг үндэслэн хийсэн. Мөрдөн байцаалтын ажиллагааны үеэр тухайн байгууллагын цахим сүлжээг тасалсан, хэвийн үйл ажиллагаанд нь саад учруулсан зүйл байхгүй. Г.Шийлэгдамбын гаргасан захидалтай холбогдуулж тодорхой нэр бүхий албан тушаалтнуудаас асууж, тодруулах ажиллагаа хийж байна. МАХН-ын ерөнхий нягтлан бодогчийг хорьж саатуулаагүй болно. 

Ж.Батсайхан

 

Related news