УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-04 11:27:59

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан 11.10 минутад эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн З.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар нийт 33 асуудал хэлэлцэнэ. Чуулганы эхний асуудлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг хэлэлцэх юм. Тус асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авсан нь дуусч хэлэлцэх асуудлын дараалалд орж ирсэн байна.

УИХ-ын гишүүн Г.Уянга энэ үеэр, "Ломбардын тухай хуулийг санаачлан өргөн бариад хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Гэтэл жилийн өмнө оруулсан миний хуулийг хэлэлцэлгүй, яагаад Засгийн газрын өргөн барьсан хуулийг хэлэлцэхээр болов. Ямар асуудлыг хэлэлцээд ямарыг нь хэлэлцдэггүй юм бэ. Өнөөдрийн 29 дүгээр асуудалтай миний өргөн барьсан хуулийг хамт хэлэлцэх саналтай байна" гэхэд УИХ-ын дарга З.Энхболд тус асуудлын байнгын хорооны түвшинд эхлээд шийдэх ёстой гэсэн тайлбар хийсэн юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг эргүүлэн татах асуудлыг ярьж байгаад харамсалтай байгаагаа илэрхийлээд завсарлагын хугацааг сунгах саналтай байгаагаа хэллээ. Иймд УИХ-ын дарга З.Энхболд тус асуудлаар 3 хоногийн завсарлага өгч байгааг мэдэгдэв. УИХ-ын гишүүн Д.Батцогт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөхийг хүсэхэд хуралдааныг даргалагч ёсоор болголоо. 

Б.Туул

 

Related news