Дэлхийн өвд бүртгэсэн батламжийг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-16 17:21:53

Бурхан халдун уулыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн Соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн тухай батламжийг өнөөдөр БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын захиргаанд гардуулан өглөө.

Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай батламжийг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнгөрсөн оны 12 дугаар сард Парис хотноо албан ёсоор гардуулсан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны 9 дүгээр сард уг хайрханыг Дэлхийн өвд бүртгүүлэх ажлыг хийх талаар “Бурхан Халдуны тухай” хэмээх зарлиг гаргасан. Уг захирамжийн дагуу БОНХАУ-ын сайд болон БСШУ-ны сайд хамтарсан тушаал гаргаж, ажлын хэсэг байгуулж ажилласан. Тиймээс батламжийг дээрх хоёр салбарын сайдад гардуулаад байсан юм. Бурхан халдун уулыг дэлхийн өвд бүртгэхэд идэвхи чармайлт гаргаж, өндөр хувь нэмэр оруулсныг нь үнэлж, Хан хэнтийн тусгай хамгаалалттай газарт батламжийг хадгалуулах болсон хэмээн БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэллээ.

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын дарга Б.Хашмаргад Бурхан халдун уулыг дэлхийн өвд бүртгэсэн тухай батламжийг тус газарт гардуулж байгаад талархаж буйгаа илэрхийлээд тус бүс нутгийг хамгаалахын тулд цаашид улам бүр хичээнгүйлэн ажиллах болно хэмээв.

Энэ үеэр Бурхан халдун уулыг Дэлхийн өвд бүртгэхэд идэвхи зүтгэл гарган ажилласан хүмүүсийг БОНХАЖ-ын сайдын тушаалаар шагнав.

Тухайлбал, Байгаль, соёлын өвийг хамгаалах сангийн дэд дарга А.Дүүрэнжаргал, тус сангийн мэргэжилтэн У.Сайнбаяр, А.Алтантуяа, Ц.Самдан, БСШУЯ-ны мэргэжилтэн Ц.Цэндсүрэн болон Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны Баруун хэсгийн дарга Д.Энхээ, мэргэжилтэн Ж.Алтангэрэл, байгаль хамгаалагч Ж.Даваасүрэн, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг дарга С.Наранцэцэг нарыг Байгаль орчны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнав.

Мөн “Онгихайрхан” компанийн захирал Л.Ганболд, ШУА-ын Түүх-Археологийн хүрээлэнгийн судлаач Б.Бадма-Оюу, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв хариуцсэн мэргэжилтэн Х.Эрдэмбилэг, БСШУЯ-ны мэргэжилтэн Б.Даваацэрэн, “Онгихайрхан” компанийн геодезийн инженер Б.Баттүвшин болон Мөнгөнморьт сумын байгаль хамгаалагч О.Батбаяр, Баруун жаргалант ойн нөхөрлөлийн гишүүн Ж.Шура нарыг БОНХАЖ-ын сайдын Жуух бичгээр шагналаа.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news