Гурвансайхан сум хими цэвэрлэгээний үйлчилгээтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-16 19:12:02

Дундговь аймгийн Гурвансайхан сумын иргэд хими цэвэрлэгээ, угаалгын газарт үйлчлүүлэх боломжтой болсон байна. Энэ үйлчилгээг 20- 25 насны залуучууд бий болгожээ.

Тус сум ахуй үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн онд ахуй үйлчилгээний төвийн барилга барьж ашиглалтад оруулсан бөгөөд ахуй үйлчилгээний нэг нь хими цэвэрлэгээ болж байна. Тус сум сумын төвийн шинэчлэлээр инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжтай болсон. Энэ нь ахуй үйлчилгээ хөгжих таатай нөхцөл бүрдүүлжээ.

Аймгийн Хөдөлмөрийн хэлтэс Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хими цэвэрлэгээ, угаалгын газрын төслийг санхүүжүүлж, 10 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн байна. Төсөл хэрэгжүүлэгч баг нь 25 хүртэлх насны 5 залуугаас бүрдсэн бөгөөд тэд 10 сая төгрөгийг буцаан төлөхгүй, харин тоног төхөөрөмжийг бүрэн ашиглаж, үйлчилгээгээ тогтмолжуулах үүрэгтэйгээр санхүүжүүлэгч байгууллагатай гэрээ хийсэн аж.

Т. Отгонтуяа

Related news