Бүх өрх Харилцах дэвтэр хөтөлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-18 14:25:52

Баянхонгор аймгийн  24 мянган өрхөд “Өрхтэй харилцах дэвтэр”-ийг хүргэснээр төрийн албан хаагчдыг иргэд, өрхүүдэд хэрхэн хүрч ажиллаж байгаад хяналт тавих боломжийг бүрдүүлжээ.

2015 онд өрхтэй харилцах дэвтрээр дамжуулан иргэдээс 3541 санал, хүсэлтийг хүлээн авч холбогдох төрийн байгууллага, ажилтнуудад хүргэн шийдвэрлэсэн байна. Аймаг, сумдын ИТХ, бүх шатны Засаг даргын гаргасан шийдвэрийг сурталчлах, иргэд,  өрх гэр бүлд   нийгмийн суурь тусламж үйлчилгээг үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч харилцан мэдээлэл дамжуулах зорилгоор тус дэвтрийг сүүлийн 2 жилд хөтөлж хэвшээд байгаа аж.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын тухайн жилд хэрэгжүүлэх “Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл” болон тухайн онд зарцуулах төсвийг байгууллага бүрээр гаргасан мэдээлэл, төсвийн хөрөнгөөр  хийгдэх төсөл арга хэмжээ, барилга байгууламж, төрийн байгууллагуудын удирдлагуудын хаяг, утасны дугаар зэргийг товхимол болгон өрх бүрт хүргэсэн нь нээлттэй, ил тод байдлыг хангахад чухал алхам болжээ.

Б.Мөнхзул

Related news