ҮХЦ-ийн дарга хууль зөрчвөл УИХ эргүүлэн татаж болно гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-02-19 17:21:32

УИХ-аар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулан олон төрлийн тайлбар, таамаг, маргаан яригдаж байгаа учир үүнд хууль зүйн үндэслэл, баримт бүхий тайлбар хийх зорилгоор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 4-т заасан “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно” гэдэг заалтыг Х.Тэмүүжин гишүүн мэдээллийнхээ эхэнд тодотгов.

Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар Үндсэн хуулийн цэцийн дарга болон гишүүдийг хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэх зохицуулалттай. Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа нь 2016 оны 01 дүгээр сарын 20-нд хуулийг хэрхэн хэрэглэх талаарх заавар бүхий албан бичгийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод эх хувийг илгээн, Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв нарт хувийг илгээснээр хууль зөрчсөн хэмээн үзжээ. Монгол Улсын Үндсэн хууль болон хүчин төгөлдөр мөрдөж буй Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар Үндсэн хуулийн цэцийн дунд суудал хуралдан шийдвэр гараагүй байхад Үндсэн хуулийн цэцийн дарга дүгнэлт гаргах эрхгүй гэдгийг Х.Тэмүүжин гишүүн тодотгов.

Үүнээс гадна Монгол Улсын Үндсэн хуулиар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргах эрхтэй бөгөөд уг дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргах эрхтэй байдаг. Харин 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр УИХ-ын даргад эх хувиар, УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын даргад хувилан илгээсэн  “Улсын Их Хурлын үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх тухай” албан бичгийг Үндсэн хуулийн цэцийн 8 гишүүний гарын үсэгтэйгээр илгээсэн нь мөн холбогдох хуулиудыг зөрчсөн гэж тайлбарлалаа.  

Н.Туяа

Related news