Н.Энхбаярын ялын хугацаа дуусаагүй гэсэн хариу өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-19 17:33:29

МАХН-аас Н.Энхбаярыг Шадар сайдын албан тушаалд томилох тухай хүсэлтийг Ерөнхий сайдад өргөн барьсан. Тиймээс Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг авахаар Засгийн газраас АТГ-т албан бичиг хүргүүлсэн. Уг бичгийн хариуг АТГ-аас ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Солонгод хаяглан ирүүлжээ.

УГ албан тоотод, "Н.Энхбаярын Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ялтай байдал дуусгавар болоогүй байна.

Нэр дэвшигч Н.Энхбаяр нь ялтай байх хугацаандаа Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчиж Гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан мөнгө угаасан, гэрээгээр халхавчлан бусдын өмч хөрөнгийг залилсан, бусдаас их хэмжээний хээл хахууль авсан хэргүүдэд холбогдон шалгагдаж байгаа зэрэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1,3-т зааснаар тухайн албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлыг бий болгож байна.

Монгол Улсын Шадар сайд нь улс төрийн албан тушаал болохын хувьд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг баримтлан уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д зааснаар ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй тохиолдолд тухайн албан тушаалд томилохыг хориглосон байна.

Дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Намбар овогтой Энхбаярыг томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нь тогтоогдож байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг баримтлах нь зүйтэй байна" гэжээ.

Б.Туул

Related news