Умард Солонгост онгоцны шатахуун нийлүүлэхийг хориглохоор АНУ, БНХАУ тохиролцжээ

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2016-02-24 15:25:17

ТОКИО. /TASS/. Умард Солонгост авах хориг арга хэмжээний багцандаа тус улс руу онгоцны шатахуун нийлүүлэхийг хориглох заалтыг оруулахаар АНУ, БНХАУ урьдчилан тохиролцсон байна гэж “Kyodo” агентлаг мэдээлэв.

Цөмийн дөрөв дэх туршилт хийсэн, хиймэл дагуул хөөргөсөн зэрэгтэй нь холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгост өргөтгөсөн шинэ хориг арга хэмжээ авахаар төлөвлөсөн билээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн өмнө нь баталсан тогтоолуудаар Умард Солонгосын цөмийн туршилт хийх, пуужин харвахыг нь хориглосон билээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар мягмар гарагт Вашингтон хотноо уулзаж, Умард Солонгосын хүрээний асуудал, тус улсын байдал болон бусад асуудлаар хэлэлцээ хийжээ.

Д.Нямтулга

 

Related news