АСЕМ байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-01 08:53:10

АСЕМ буюу Ази, Европын уулзалт үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой өнөөдөр тохиож байна.

АСЕМ (Asia-Europe meeting) гэдэг нь Ази, Европын орнуудын эрх тэгш харилцаанд суурилсан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг тулгамдсан асуудлыг хэлэлцдэг Засгийн газар хоорондын албан бус яриа хэлэлцээний хамтын ажиллагааны байгууллага бөгөөд 1996 оны энэ өдөр 26 гишүүнтэйгээр байгуулагдаж, анхны Дээд түвшний уулзалтаа Бангкок хотноо зохион байгуулжээ.

Эдүгээ 51 орон, хоёр олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн тус уулзалтын үүсэн байгуулагдсан өдрийг “АСЕМ-ын өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг өнгөрсөн онд Люксембургт хуралдсан АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар тогтсон.

Үүний дагуу Монгол Улсаас эхлэн энэ 3 дугаар сарын 1-нд “АСЕМ-н өдөр”-ийг тэмдэглэх юм.

Манай улс АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт, 20 жилийн ойг зохион байгуулах орны хувиар уг өдрийг АСЕМ-ын түүх, алсын хараа, онцлог, хэтийн зорилго, хандлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дотоод, гадаадын олон нийтэд хүргэх зорилгын хүрээнд тэмдэглэх нь зүйтэй хэмээн 2 дугаар сарын 23-нд ГХЯ-нд хуралдсан АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсгийн хуралдаанаас тогтжээ.

“АСЕМ-ын өдөр”-өөр дунд сургуулийн сурагчдад зориулсан видео хичээл, “АСЕМ Монголд” сэдэвт ТВ хэлэлцүүлэг, мөн АСЕМ-тай холбогдох үйл явдал, бэлтгэл ажлын талаар сэтгүүлч, олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой “Мэдээллийн төв”-ийг МОНЦАМЭ агентлагийн байранд нээх зэргийг төлөвлөж байна.

Ч.Ариунболд

Related news