Өнөөдрийг АСЕМ-ийн өдөр болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-01 11:30:53

Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр гуравдугаар сарын нэгнийг Засгийн газраас АСЕМ-ийн өдөр болгосон хэмээн мэдээллээ.

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт, АСЕМ-ийн 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд энэ оны 3 дугаар сарын 1-нийг АСЕМ-ийн өдөр болгон зарлаж, улс даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна. Люксембургийн Их Гүнт Улсад өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон АСЕМ-ийн Гадаад хэргийн сайд нарын 12 дугаар уулзалтаар АСЕМ-ийн талаарх олон нийтийн ойлголтыг бэхжүүлэх, үйл ажиллагаа, ач холбогдлыг сурталчлан таниулах, ард иргэдийн дунд сурталчилгааны цогц арга хэмжээг өргөнөөр зохион байгуулах зорилго бүхий “АСЕМ-ийн өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 1-нд тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг гишүүн орнууд санал нэгтэй дэмжжээ.

Мөн АСЕМ-ийн Дээд түвшний анхны уулзалт 1996 оны 3 дугаар сарын 1-нд Бангкок хотноо зохион байгуулж байсан аж.

Монгол Улс АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт, АСЕМ-ийн 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах орны хувиар АСЕМ-ийн түүх, алсын хараа, онцлог, хэтийн зорилго, хандлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэж, АСЕМ-ийн олон улс дахь ач холбогдлыг сурталчлан таниулах үүрэгтэй хэмээн үзэж, эл өдрийг зарлан тэмдэглэхээр болсон хэмээв.

Б.Туул

Related news