Бэлчээрийн доройтол малын амьдын жин, ноос ноолуурын гарцад нөлөөлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-03 10:20:56

Бэлчээр ашиглалтын гэрээ- мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах арга зам сэдэвт уулзалт зөвлөлгөөнийг Ногоон алт төсөл, Бодлого судлалын  төв, Ховд аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран зохион байгуулав.

Уулзалтад Ховд аймгийн сумдын засаг дарга нар, малчдын төлөөлөл оролцож, Монголын бэлчээр ашиглагчдын  нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг мэдээлэл хийлээ.

Бэлчээрийг гэрээгүй нийтээр ашигладаг, малын тоогоор хөөцөлддөг одоогийн тогтолцооны сөрөг үр дагавар, түүнээс малчид, төр, бэлчээр ашиглагчдын холбоо зэрэг талуудын оролцоотой  гарч болох арга замуудын талаар мэргэжилтнүүд зөвлөгөө өглөө.

Монгол орны бэлчээрийн 65 хувь нь унаган төлөв байдлаасаа өөрчлөгдөж тодорхой хэмжээгээр доройтсон нь малын амьдын жин, ноос, ноолуурын гарц бууруулж байгааг судалгаанд тулгуурлан зөвлөлгөөнд оролцогчдод таниуллаа.

Энэ үеэр Бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтэнд оролцооны аргаар хяналт тавих, эргэж тайлагнах, сайн туршлага дэлгэрүүлэх журмыг хэлэлцлээ.

Уг журамд сумын хэмжээний бэлчээрийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах зориулалтаар Бэлчээр ашиглагчийн хэсэг /БАХ/, малчдын бүлэг, нөхөрлөлтэй байгуулсан гэрээний хэрэгжилтэд  хяналт тавих үйл ажиллагааг  зохицуулах, тайлагнах,ажиллах зарчмыг тусгажээ.

БАХ нь жижиг бүтцийн гэрээ буюу урт хөлийн мал, бог малын гэх мэтээр 2-3 хуваагдан ойролцоо нутгийн малчид бүлэг байгуулж, сумын засаг даргатай хоёр шатлалын гэрээ байгуулах гэнэ.

А.Бямбасүрэн

Related news