Үндэсний бичгээ ургаа модтой зүйрлэн багш нарынхаа нэрийг монгол бичгээр бичжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
norovsambuu@montsame.mn
2016-03-06 01:00:57

Монголын сайхан бичигтэн улсын уралдаанд ангиараа оролцож, ангиараа “Хүмүүн бичиг” сонин захиалан уншдаг Ховд аймгийн Цаст Алтай цогцолбор сургуулийн 10”б” ангийхантай уулзлаа.

Ховд аймгийн Цаст алтай цогцолбор сургуулийн Б.Цэцэгмаа багштай 10-ын “б”  ангийнхан ангиараа Монгол бичгийн хичээлд шамдан суралцаж,үндэсний хэл соёлоо дээдлэн, цэвэр гоё, сайхан бичиж сурах хөдөлгөөн өрнүүлж байна. Эх сайхан монгол хэл бичгээ шамдан суралцахад “Хүмүүн бичиг” сонин бидэнд уншихад сонирхолтой төдийгүй, хичээнгүй сайхан бичихэд тусалдаг гэж тус ангийн сурагчид ярьж байна.Тус сургуулийн монгол бичгийн багш нар сургуулийнхаа захирал, бүх багш нарынхаа нэрсийг монгол бичгээр бичиж, модны мөчир салаалуулан бүх нэрсийг бичиж сургуулийн соёлын танхимын хананд хүндэтгэлтэй байрлуулсан байна. Үндэсний бичгээ  ургаа модтой зүйрлэн бүх багш нарын нэрсийг мөчир бүр дээр бичсэн нь бид үндэсний хэл соёлоо дээдлэх нэгэн зорилготой гэсэн санааг илэрхийлсэн гэж  хүүхдүүд тайлбарлаж байна.

                               Би Ерөнхийлөгчөөс шагнал гардаж авсандаа баяртай байна

Монголын сайхан бичигтэн улсын уралдааны шагналт сурагч Л.Болор-уянгатай уулзлаа.

-“Хүмүүн бичиг “сониноос жил бүр уламжлан зохион байгуулагддаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Баяр хүргэе. Найз нөхөд багш нь яаж тусалдаг  талаар сэтгэгдлээ  хуваалцахгүй юу?

-Намайг Лхагвадоржийн Болор-Уянга гэдэг. Би Цаст-Алтай цогцолбор сургуулийн 10 “б” ангид сурдаг. Манай ангийхан монгол бичгийн хичээлдээ илүү анхаарч хичээллэдэг. Учир нь монгол бичиг бол төрийн бичиг. Бид нэг нэгэндээ тусалдаг багш маань байхгүй өөр тийшээ ажилтай байсан тохиолдолд баг болон хамтарч ажиллаад анги дотроо 4,5 баг болж хуваагдаад нэг нэгэндээ тусалж монгол бичиг сурдаг байсан. 2015 онд Ертөнц төвөөс зохион бйгуулагдсан улсын өв соёл түгээгч тээгч улсын уралдаанд ангиараа орж “Монгол бичиг тээгч шилдэг анги” болсон. Миний хувьд “Хүмүүн бичиг” сониноос зохион байгуулдаг монголын сайхан бичигтэн уралдаанд түрүүлсэндээ баяртай байна. Би 7-р ангиасаа хойш Сайхан бичгийн уралдаанд бичгээ явуулдаг байсан. Энэ жил анх удаагаа түрүүлж байна. Шагнал авах тэр үед үгээр  хэлж зүйрлэшгүй сайхан байсан. Шагналаа Монгол улсын  ерөнхийлөгч Ц. Элбэгдоржоос гардаж авсан. Б.Цэцэгмаа багшдаа  энэ сайхан монгол бичгийг зааж сургасанд маш их баярлалаа.

-Ховдоос Улаанбаатар  хотод очиж Сайхан бичгийн уралдаанд түрүүлсэн шагналаа  гардаж авахад ямар сэтгэгдэлтэй байсан бэ?

-Шагнал авах мөчөө бодоод маш их гоё байсан. Тэр үед Ерөнхийлөгчөөс гардаж авна гэдгээ мэдээгүй ерөнхий сайдаас авна бодож байсан. Надад маш их хүндэтгэлтэй сэтгэл догдлуулсан сайхан мөч байсан би энэ дурсамжаа хэзээ ч мартахгүй.

-Монгол бичиг сурахад гэр бүлийнхэн чинь хэр дэмждэг вэ? Танай аав ээж болон ойр дотны хүмүүс  монгол бичгээ сонирхдог уу?

-Манай аав, ээж намайг  олимпиадад орох үед би маш их олон цагийн хөдөлмөрөөр бэлддэг байсан тэр үед намайг сайн ойлгож дэмждэг байсан. Яг өөрсдөө хараахан монгол бичгээр уншиж сураагүй байгаа.

-Танай анги ангиараа Хүмүүн бичиг сониноо захиалсан.Сониноос юуг илүү  мэдэж авдаг вэ?

-Хүмүүн бичиг сонин дээр гадаад мэдээ их гардаг учраас танин мэдэхүйн мэдээлэлтэй болдог. Хичээнгүй бичгийн буланг хичээл болгон дээрээ дуурайж бичдэг. Сонин захиалснаар манай ангийнханы бичиг нь сайжраад ирсэн.

          Манай ангийн охидууд монгол бичгээр илүү цэвэрхэн бичдэг....

            Тус сургуулийн  10 “б” ангийн  сурагч А.Энхжинтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

-Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу ? Танай ангийнхан ангиараа монгол бичгийг хамгийн сайн суралцсан анги гэж сонслоо.Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Намайг Бямбаагийн Энхжин гэдэг. Би Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуульд сурдаг. Манай анги  монгол бичгийг 7-р ангиасаа эхлээд суралцаж эхэлсэн. Манай ангийд монгол бичгийн хичээлийг Б.Цэцэгмаа багш ордог. Маннай анги 36 сурагчтай. Манай ангийн багшийг Урандолгор гэдэг. 2015 онд Ертөнц төвөөс зохион байгуулагдсан соёлын өв  түгээгч тээгч улсын уралдаанд бид  ангиараа орж тэргүүн байр эзэлсэн. 2015 оны 12-р сард зохиогдсон” Хүмүүн бичиг” сониноос зохион явуулдаг монгол улсын сайхан бичигтэн улсын уралдаанд ангиараа оролцсон. Манай ангийн Лхагвадорж овогтой Болор-Уянга  монгол улсын сайхан бичигтэн улсын уралдаанд 7-10-р ангийн төрөлд тэргүүн байр эзэлсэн. Манай анги 10-р ангид монгол бичиг ордоггүй ч гэсэн хичээлийнхээ цагийг ашиглаж бичгийнхээ хэвийг сайжруулахаар хичээлүүдээ монгол бичгээр бичдэг.

-“Хүмүүн бичиг”  сонинг ангиараа  захиалж уншснаар  монгол бичгийн мэдлэг дээшилж байна уу? Ямар ахиц дэвшил гарч байна вэ?

Хүмүүн бичиг сонин дээр энгийн монгол бичгийн номууд дээр байдаггүй үргэлжилсэн үгийн зохиол биш уншихад бидэнд илүү сонирхолтой байхаар гадаад оронд болж байгаа сонирхолтой үйл явдал, монгол улсад маань гарч байгаа шинэ мэдээллүүд байдгаараа онцлогтой. Эдгээр нь унших илүү сонирхол төрүүлэхээс гадна бидний унших чадвар илүү сайжирч, үгийг сайн тогтоодог.

-Монгол бичгийг сурснаар гоё сайхан нь юундаа оршдог вэ? Багш нар тань юу гэж захиж сургадаг вэ?

-Монгол бичиг нь дэлхийд ганц байдаг босоо бичиг юм. Манайд монгол бичгээ мэддэг хүн цөөхөн байдаг. Дээрээс нь 10  жилдээ үзэж  суралцаж байгаад орхидог болохоор мартагдах зүйлс их байдаг юм билээ. Манай сургууль монгол бичгийг сургах боломж нөхцлийг бүрдүүлж өгсөн. Сургуулиас монгол бичиг сурахад их дэмждэг. Манай багш  маш чадварлаг, сайн багш бас бидэнд хичээл ордоггүй ч гэсэн монгол бичгийг илүү бидэнд хүргэхийн тулд байнга тусалж дэмждэг.

-Монгол бичгээ дээдэлдэг  Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн 10 ”б “анги юугаараа онцлогтой вэ?

-Манай анги бусад ангиудыг бодвол монгол бичгийг уншиж, бичиж хичээллэдэг. Манай ангийн охидууд монгол бичгээр илүү цэвэрхэн бичдэг. 7-р ангиасаа эхлээд жил бүр монголын сайхан бичигтэн уралдаанд бичгээ явуулдаг. Жишээ гэвэл манай ангийн Л.Болор-Уянга 2015 онд тэргүүн байр, Э.Эрдэнэ-Солонго, ГЭрдэнэзаяа, Д.Энхтуяа  нарын олон сурагчид сайхан бичигтэн уралдаанд оролцдог. Манай ангийн сурагч О.Сарангэрэл нь 9-р ангид суралцаж байхдаа аймгийн 12-р ангийн монгол бичгийн уралдаанд гурван ангийг алгасч үсэрч  ороод 3-р байр эзэлж байсан. Эдгээр нь манай ангийн сурагчдын чадвар болон Б.Цэцэгмаа багшийн маань чадварыг харуулж өгч байгаа юм.

 Ховд аймаг  А.Бямбасүрэн

Related news