“Оюутан цэрэг” хөтөлбөрт 120 оюутан бүртгүүлсэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-14 16:16:18

Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Оюутан цэрэг” хөтөлбөр улс орон даяар гурав дахь жилдээ хэрэгжих гэж байна. Энэ жилээс эхлэн хөдөө орон нутгаас Ховд аймагт хэрэгжихээр боллоо.

“Оюутан цэрэг” хөтөлбөрт хэрэгжиж эхэлсэн цагаас нийт 1500 орчим оюутан хамрагдсан аж. Харин Ховд аймгийн хувьд энэ хөтөлбөрт баруун таван аймгийн 120 орчим оюутан хамрагдахаар бүртгүүлсэн байна. ХИС-ийн зүгээс энэхүү хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад сургалт явуулах зорилгоор гурван ангийг засаж тохижуулжээ. 

“Оюутан цэрэг” хөтөлбөр тус аймагт хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан гуравдугаар сарын 10-нд  “Оюутан цэрэг-2016” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа Ховд Их Сургуулийн лекцийн танхимд болов. Энэхүү үйл ажиллагаанд БХЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын орон нутгийн хамгаалалт, дайчилгааны хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба, ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн командлалын ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатар, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, “Оюутан цэрэг-2016” хөтөлбөрийн цэрэг татлагын товчооны дарга, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх, Цэрэг татлагын товчооны орлогч дарга, аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа А.Эрдэнэчулуун, Зэвсэгт хүчний 123-р ангийн захирагч, хурандаа Б.Галбадрах нарын албаны хүмүүс оролцлоо.

 

Ховд аймаг А.Бямбасүрэн

Related news