Сирийн хүчнийхэн Пальмирад агаараас цохилт өгөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2015-09-20 11:15:22

ПАЛЬМИРА. /ВВС/. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийнхний хяналтад буй эртний хот Пальмирад Сирийн засгийн газрын хүчнийхэн агаараас цохилт өгсөн гэж тус улсын иргэний дайныг ажиглаж буй төрийн бус байгууллага мэдэгдлээ.

Их Британид төвтэй “The Syrian Observatory for Human Rights”  ТББ-ын мэдэгдсэнээр, баасан гарагт Сирийн хүчнийхэн 25 удаа агаараас цохилт өгсөн байна. Агаараас цохилт өгөх үеэр “Лалын улс”-ын 12 босогч, 14 иргэн амиа алджээ.

Дэлхийн өвд багтсан тус хотыг босогчид энэ оны тавдугаар сард хяналтдаа авсан юм. Босогчид тус хотын Ромын эзэнт гүрний үед хамаарах сүмүүд болон бунхнуудыг устгасан билээ.

ОХУ Сирийн засгийн газрын хүчнийхэнд зэвсэг нийлүүлж, цэргийн зөвлөхүүдээ Сири рүү илгээж байна гэж тус ТББ-ын тэргүүн Рами Абделрахман хэлэв. ОХУ нь Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын гол холбоотон юм.

АНУ тэргүүтэй эвсэл мөн “Лалын улс” бүлэглэлд агаараас цохилт өгсөөр байна. Гэхдээ Сирийн цэргийн ажиллагаа одоогоор босогчдод төдийлөн нөлөөлөхгүй байна гэж ажиглагчид хэллээ.

Г.Доржханд

Related news
Comments