Ноолуурын үйлдвэрүүдэд үнэлгээ өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Салбарын мэргэжилтэн, шинжээч, судлаачдаас бүрдсэн аттестатчиллын 3 баг ноос, ноолуурын 190 гаруй үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан үнэлгээ өгчээ.
Аттестатчиллыг “Ноолуур” хөтөлбөр, “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд явуулсныг ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батхүү онцлов.
Аттестатчилалд анхан шатны боловсруулах угаалгын 34, хялгас ялгааны 36, ноос, ноолууран ээрмэл үйлдвэрлэлийн 13, хонины ноос ээрэх 5, ноос, ноолууран сүлжмэлийн 94, ноос, ноолууран нэхмэлийн 7, ноосон хивсний 2 үйлдвэр хамрагдав.
Аттестатчиллын баг ноос, ноолуурын салбарт ажиллаж буй ААН-үүдийн техник, технологийн түвшин, тоног төхөөрөмжийн хүчин чадал, ашиглалт, боловсон хүчин, санхүү, үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмжийг үйлдвэр тус бүрээр болон салбарын хэмжээнд нэгтгэн гаргаж гэрчилгээжүүлж байна.