Баялаг бүтээгчдийн холбоо сум бүрт салбартай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-21 11:08:37

Ховд аймгийн Баялаг бүтээгчдийн холбоо Сумдын салбар хорооны дарга, тэргүүлэгчдийг чадавхжуулах, мэдээ мэдээллээр хангах, чиглэл өгөх зорилгоор  аймгийн Нутгийн удирдлагын ордны хурлын их танхимд сургалт зохион байгууллаа.

Сургалтанд Ховд аймгийн 17 сумын төлөөлөл 50 гаруй хүн оролцож, сум бүрт салбартай болсноор сму тус бүрээс 4-5 хүн оролцож мэдээлэл авч, санал солилцлоо.

Энэ үеэр Ховд  аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Н.Дулам Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн зээл, хөнгөлөлттэй зээл болон Аж үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж эхлээд байгаа аж ахуй нэгжийн улсын тооллогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүлэгчид илтгэл, мэдээлэл танилцуулж, оролцогчдын асуултад хариулт өгч, цаашид хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэйг онцоллоо.

Аж үйлдвэрийн сайдын  энэ  оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаар тушаалаар өрхийн бичил бизнесийг дэмжих зорилгоор сумдын хүн амын тооноос хамааран Ховд  аймагт нийт 2325,0 сая төгрөг хуваарилаад байна. 

Хөнгөлөлттэй зээлийн дээд хэмжээ нь 3000 хүртэл хүн амтай суманд 5.0 хүртэл сая төгрөг, 3000-5000 хүртэл хүн амтай суманд хүртэл 10.0 сая төгрөг, 5000-аас дээш хүртэл хүн амтай суманд 15.0 хүртэл сая төгрөг байх гэнэ. 

А.Бямбасүрэн
                                             

 

 

Related news