"БОИНГ-737-800" Ховд аймаг руу анхны нислэгээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-21 15:37:23

МИАТ компани “Боинг 737-800" агаарын хөлгийн Ховд аймаг руу хийх, "Aero Мongolia" компанийн аймаг дунд хийх тогтмол нислэгийн нээлт өнөөдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн НББСШУЯ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд сайд М.Зоригт нарын албаны хүмүүс оролцлоо.

МИАТ компани “Боинг 737-800" агаарын хөлгөөр хүрэлцэн ирсэн хүндэт зочдыг Ховд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан  тэргүүтэй албаны хүмүүс угтан авлаа.

Ховд аймагт 150-160 хүний суудалтай том хөлөг онгоц алслагдсан нутгийн иргэдэд хямд үнээр үйлчилж, нислэг үйлдэж эхэлсэнтэй холбогдуулан нээлтийн ёслолын арга хэмжээ Ховд аймгийн Олон улсын нисэх онгоцны буудал дээр болсон юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус нээлт дээр, ”МИАТ компани том агаарын хөлгөөр анхны зорчигчдын нэг болж Алс холын алтай нутаг Ховд гэж ярьдаг байсан баруун бүсийн зангилаа хотод н.Ганбаатар даргатай онгоцны экипаж ая тухтай зорчуулж, зөөлөн газардлаа. Алслагдсан нутагт энэ том онгоц буухад олон хүний хөдөлмөр зүтгэл шингэж,  энэ ажлыг анхнаас нь мэргэжлийн хувьд дэмжиж ажилласан туслалцаа үзүүлсэн Зам тээврийн яам, ИНЕГ,МИАТ-компанийн салбарын хамт олон,төр хувийн хэвшлийнхэнд талархал илэрхийлэе. Өнөөдөр холын Ховд  аймагт зүгээр нэг том онгоцоо илгээгүй. Ховд хот зам тээвэр, агаарын болон дэд бүтцийн нэгэн зангилаа том хот болж хөгжих энэхүү  том үйл явдлын гэрч бид  болж байна. Удахгүй Ховд хотын олон улсын нисэх буудлыг томруулах орчин үеийн стандартад нийцүүлэх арга хэмжээг Засгийн газар дараагийн ээлжинд шийдвэрлэж эхлэх болно" хэмээн  хэллээ.

Ховдоос Өлгий, Улаангом хот руу зорчигчид богино хугацаанд аялах боломжийг хангасан нислэг үйлдэх төсөв мөнгө шийдэгдэн агаарын тээврийн салбарт томоохон шинэчлэл хийгдэж, зорчигдод хямд үнээр үйлчлэх болсонд нутгийн иргэд баяртай байлаа.

Нээлтийн үеэр Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид ая дууны эгшгээ өргөн зочид төлөөлөгчдөд сонирхууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус нээлтэд оролцоод тун удалгүй Увс, Баян-Өлгий аймгийн чиглэлд онгоцоор зорчиж, ажлын айлчлал хийхээр мордлоо.

Ховдоос Увс аймаг хүртэл онгоцоор 30 минут зорчих юм.

А.Бямбасүрэн

Related news