Өнөөдөр Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Олон Улсын Иргэний хамгаалалтын өдөр"-ийг дэлхийн 100 шахам улс оронд өнөөдөр тэмдэглэж байна.
Энэ жил Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас “Иргэний хамгаалалт, өрх бүрт анхны тусламж үзүүлэгчтэй байх” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлжээ.
Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага нь 1931 онд байгуулагдсан. Франц Улсаас эх сурвалжтай бөгөөд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо төв нь байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад нийтдээ 59 жинхэнэ гишүүн, 16 ажиглагч гишүүн, 23 холбоотон орон байдаг ба олон улсад өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага юм.
"Монгол Улс Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж, тус байгууллагаас зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. “Иргэний хамгаалалт, өрх бүрт анхны тусламж үзүүлэгчтэй байх” уриатай холбогдуулан ОБЕГ-аас Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран бэлтгэсэн өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх видео хичээлүүдийг хүргэж байна" гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.