“Samsung” шинэ гар утаснуудаа наймдугаар сард танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-06-09 15:21:19

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “Samsung” компани “Galaxy Note 20”, “Galaxy Fold 2” зэрэг шинэ ухаалаг гар утаснуудаа ирэх наймдугаар сард цахим арга хэмжээ зохион байгуулан танилцуулахаар төлөвлөж байгаагаа өнөөдөр мэдэгджээ.


“Шинэ коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан жил тутам зохион байгуулдаг арга хэмжээгээ наймдугаар сарын 5-нд цахимаар явуулна” гэж “Samsung” компани мэдээлсэн байна. “Samsung” энэхүү арга хэмжээгээ АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулдаг байсан юм.


Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, “Galaxy Note 20” гар утасны хувьд “Galaxy Note 20”, “Galaxy Note 20 Ultra” гэсэн хоёр төрөлтэйгээр худалдаанд гарах төлөвтэй байгаа бөгөөд 6.42, 6.87 инчийн “AMOLED” дэлгэцтэй байх ажээ.


Samsung” өнгөрсөн онд анхны эвхэгддэг гар утас болох “Galaxy Fold”-оо худалдаанд гаргасан бөгөөд энэ онд уг гар утасныхаа дараагийн загвар болох “Galaxy Fold 2”-ыг хэрэглэгчдэдээ хүргэхээр төлөвлөж байна.


Мөн “Galaxy Tab S7” таблет, Galaxy Watch 2” ухаалаг бугуйн цаг зэрэг шинэ төхөөрөмжүүдээ наймдугаар сард олон нийтэд танилцуулах төлөвтэй байна. “COVID-19” цар тахал дэгдсэний улмаас гар утасны олон арга хэмжээг цахимаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд “LG” компани “LG Velvet” гар утсаа өнгөрсөн сард цахимаар танилцуулжээ. 

Related news