Замын цагдаагүй газар дүрэм зөрчсөн 185 үйлдлийг иргэд мэдээлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
ariunbold@montsame.gov.mn
2020-06-26 11:16:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэн бүр цагдаа хэмээх арга хэмжээний хүрээнд замын цагдаа байхгүй газруудад дүрэм зөрчиж буй байдлыг иргэд гар утсаараа бичлэг хийж, зургийг нь дарж баримтжуулан “Тээврийн цагдаагийн алба” цахим хуудсанд илгээдэг болоод байгаа. Иргэдийн мэдээлсэн зөрчлийг хэрхэн шийдвэрлэж буй талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтэс, зохицуулагч цагдаагийн ахмад Б.Зоригоос тодрууллаа. 


-Танай байгууллагын цахим хуудсанд иргэд хэр идэвхтэй хандаж байна вэ?


-“Тээврийн цагдаагийн алба” цахим хуудас 2015 оноос эхлэн ажиллаж байна. ТЦА-ны тус цахим хуудас нь 160 мянган дагагчтай бөгөөд өдөрт 3-10 зөрчлийн мэдээлэл ирдэг.  Энэ оны эхний 5 сарын байдлаар нийт 185 гомдол мэдээлэл ирсэн. Үүнээс 124 зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авсан байгаа. Үлдсэн 61 зөрчлийн бичлэг нь бүрсгэр, зураг нь сарнисан, улсын дугаар нь харагдах боломжгүй, мөн хугацаа баршил нь тодорхойгүй, хэдэн сарын хэдний өдөр болон цаг минут нь зөрөөтэй байсан учраас буцаагдсан.


-Хяналт байхгүй газар иргэн бүр цагдаа болж байгаа нь гэмт хэрэг буурах ач холбогдолтой. Иргэд ч бие биедээ хяналт тавих гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сайн талтай. Харин зөрчлийн зураг бичлэг илгээхдээ иргэд юуг анхаарах хэрэгтэй вэ? 


-Хууль бус үйлдэл хийж байгаа болон дүрэм зөрчиж буйг харсан иргэн бүр мэдээлэх үүрэгтэй хэмээн хуулинд тусгасан байдаг. Зам тээврийн осол нь иргэд дүрэм зөрчснөөс үүдэлтэй байдаг. Тиймээс иргэд таатай хүлээн авдаг.  Гарсан зөрчлүүдийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харцуулахад 35,2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. “Хэн нэгэн зураг дарах, бичлэг хийх бий” гэдэг сэрэмж, эмээлт нийгэмд түгээд байна. Энэ нь соёлтой, гэмт хэрэг зөрчилгүй хот болохын үндэс гэж үзэж байна.

Харин иргэдийн илгээсэн зураг нь сарниагүй, бичлэг болон улсын дугаар нь тод, он, сар, цаг, байршил нь тодорхой байх хэрэгтэй. Иргэдээс ирсэн зөрчлийн мэдээллийн чанар, шаардлагын талаар мэдээлэл хийж, цахим хуудсандаа байршуулсан байгаа. Мөн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс E-police хэмээх аппликэйшн ашиглаж, зам тээврийн осол гаргаж буй буруу байрлуулсан, дүрэм зөрчсөн байдлыг хянахад энэ оны эхний 2 сарын хугацаанд 1500 зөрчил илэрсэн. Зөрчлийг арилгуулахаар гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлж байгаа. Одоогоор тус аппликэйшн шинэчлэл хийж байгаа тул 7 сар гэхэд хэвийн үйл ажиллагаанд орох юм.


-Ямар зөрчлийн мэдээлэл иргэдээс ихэвчлэн ирж байна вэ?


-Машинаа буруу байрлуулсан, хориглосон замаар урсгал сөрсөн, эгнээ байраа буруу эзэлсэн, үргэлжилсэн шугам давж эргэсэн зэрэг зөрчил их ирдэг. Эхний таван сарын байдлаар хориглосон нөхцөлөөр урсгал зөрчсөн дөрвөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцсон.


-Иргэдийн хооронд “намайг мэдээллээ” гэсэн маргаан гардаг уу?


-Хоёр жилийн өмнө ийм зөрчил, маргаан гардаг байсан. Харин энэ зөрчлийн улмаас гарах хор уршиг нь их байдаг болохоор манай хамт олон иргэдэд ойлгуулах бичлэг, зураг мэдээллийг тус цахим хуудсаар дамжуулан иргэдэд ил тод, нээлттэй хүргэж байгаа. Үүний үр дүнд иргэн бүр ухамсарлан ойлгодог болсон.

Одоо харин тийм зөрчил гардаггүй. Дүрэм зөрчсөн иргэд өөрсдөө хүлээн зөвшөөрдөг тул хариуцлага тооцдог. Жишээлбэл, өнгөрсөн сард болсон хэрэг юм. Иргэн Б нь урсгал сөрөн явж байхыг цагдаа зогсоогоод Зөрчлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 7-гийн 23-т зааснаар таны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасаж, 50 нэгжээр торгоно гэхэд тухайн иргэн бухимдлаасаа болж, цагдаагийн алба хаагчийн биед халдсан/алгадсан/ байдаг. Тухайн бичлэг нь тэр өдрөө цахимаар тарж, олон иргэдээс гомдол ирсэн юм. Гомдлын дагуу иргэн Б-г дуудан, ТЦА-д ирүүлж, өөрөөр нь тайлбарлуулж, ойлгуулан гаргасан зөрчил дээр нь жолоодох эрхийн 3 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгосон юм. Мөн ажил үүргээ гүйцэтгэж байсан албан хаагчийн биед халдсан хэрэгээр СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст одоогоор шалгагдаж байна.


Б.Мандуул

Related news