Япон “6G” сүлжээ хөгжүүлэхэд 652 сая ам.доллар гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2020-06-29 13:58:28

ТОКИО. /TASS/. Японы эрх баригчид хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн сүлжээний /6G/ системийг хөгжүүлж буй корпорацуудад 70 тэрбум иень буюу 652.4 сая орчим ам.долларын тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа талаар “Kyodo” агентлаг тус улсын Засгийн газрын эх сурвалжаас иш татан мэдээлэв.


Өмнө нь техникийн мэргэжилтнүүд, хувиараа бизнес эрхлэгчид болон холбогдох байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн шинжээчдийн зөвлөлийг Японы сайд нарын танхимын дэргэд байгуулсан байна. Энэхүү зөвлөл нь шинэ сүлжээ нэвтрүүлэх цогц стратегийг боловсруулах бөгөөд 2030 он гэхэд шилжихээр төлөвлөжээ.  


Одоогийн байдлаар Япон улс хөдөлгөөнт холбооны тав дахь үеийн сүлжээнд (5G) шилжиж байна. “5G” сүлжээний хувьд тус улс уг сүлжээг эрт нэвтрүүлсэн АНУ, Өмнөд Солонгосоос хоцорч яваа юм. Японы эрх баригчид мөн холбогдох тоног төхөөрөмжүүдийг бүтээхэд Хятад улсаас хоцорч байгаад санаа зовж байгаа гэдгийг “Kyodo” агентлаг тэмдэглэсэн байна.


Харин одоо Японы Засгийн газар бизнес эрхлэгчидтэй хамтран зургаа дахь үеийн сүлжээнд илүү хурдан, илүү аюулгүй шилжих ажилд тэргүүлэхийг хүсэж байна гэж тус агентлаг онцолжээ. Японы эрх баригчид “6G” сүлжээг жолоочгүй тээврийн хэрэгслүүдэд мөн эмнэлгийн тусламж үйлчилгээг алсын зайнаас үзүүлэхэд өргөнөөр ашиглахаар төлөвлөж байна. 

Related news