Хурим найр хийх үйлчилгээний газруудын үйл ажиллагааг нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-07-02 21:16:23

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комисс энэ сарын 1-ний өдөр хуралдаж, хурим, найр хийдэг үйлчилгээний газруудын үйл ажиллагааг долдугаар сарын 2-ны өдрөөс нээх шийдвэр гаргалаа.

Тухайн үйлчилгээний газруудын хувьд үйл ажиллагааны явцад Эрүүл мэндийн яамнаас гарсан зөвлөмжийг баримталж, бага насны хүүхдийг оруулахгүй, бүжиг зохион байгуулахгүй, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллах аж.

Түүнчлэн тус хурлаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээдүүдийг ажлын тусгай горимд шилжүүлсэн хугацааг энэ сарын 15-ны өдрийг дуустал сунгав. Бүх төрлийн тоглоомын газар, баар, караоке, билъярд, шашны байгууллага /сүм, хийд, мөргөлийн газрууд/ соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн үе шаттайгаар нээхээр боллоо.

Мөн Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, спортын үйл ажиллагаа, цахим тоглоомын газар, диско болон бүжгийн баарны үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хориглолоо. 

Related news