О.Эрдэнэ: Манайх ардчилсан нийгэмд шилжсэнийг кубачууд цочирдон хүлээн аваагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-07-03 11:04:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Куба улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан бид Куба улсад суралцсан анхны монгол оюутан, БНКУ-д жуух өргөсөн дөрөв дэх Элчин сайд О.Эрдэнэ, гэргий сэтгүүлч, МУСГЗ Д.Дорждулам  гуайтай ярилцлаа. Эхлээд О.Эрдэнэ гуайтай хуучлав. 

-Та ямар хувь тохиолоор Куба улстай ажил амьдралаа холбосон вэ? 

-Би Сутай хайрханы суганд мэндэлсэн Алтайн хөх харчуулын нэг. Тонхил сумынхаа 7 жилийн сургуулийг төгсөж, хожим Монгол Улсын Ерөнхий сайд асан Пунцагийн Жасрайн хамт бага ангийн багшийн хуваарь авч нийслэлийг зорьж байлаа. Биднийг сургуулиа төгссөхтэй зэрэгцэн Улсын багшийн институтэд орос хэлний багшийн анги нээсэн юм. 1956 онд дүүргэсэн уг ангид маань зохиолч Л.Түдэв бас байсан.  1959 онд гэр бүлийнхээ хүний хамт Баянхонгор аймагт хуваарилагдан, 10 жилийн сургуульд орос хэлний багшаар ажиллаж эхэлсэн. Гэхдээ хүний хүсэл мөрөөдөлд хязгаар байх биш дээ. Би гэдэг хүн олон улсын харилцаа, Монгол Улсын гадаад бодлого, хэрэгжилт, үйл ажиллагааг сонирхон, амихандаа энэ чиглэлээр мэдлэг боловсрол эзэмшихийг зорьж байлаа. 

Хувь тохиолоор Гадаад явдлын сайд манай аймагт ажиллахаар ирэхэд нь уулзан санаа бодлоо хэллээ. Гадаад харилцааны мэргэжилтэн бэлтгэх ажлыг яам хариуцдаг, өргөдлөө өгч, шалтгалтандаа бэлдэх хэрэгтэй гэж билээ. Ингэж би 1962 оны 6 дугаар сард шалгалт өгч тэнцсэн. 


Яамны зөвлөл хуралдаж, шалгалтанд тэнцсэн 3 хүнийг Москвагийн Олон улсын харилцааны сургуульд хуваарилав. Уг нь би тэр сургуульд явуулах болов уу гэж горьдож байсан л даа. Гэтэл намайг дэлхийн хамгийн том империалист гүрний дор социалист хэлэлцээр байгуулаад буй Куба улс руу илгээнэ гэв. Ингээд Куба улсад суралцсан анхны оюутан болж, эх орныхоо нэр төрийг өргөж явах үүрэг хүлээсэн. Тухайн үед Налайхын гал командад ажиллаж байсан Шатар гэдэг залуутай хамт Кубад суралцахаар боллоо. Бид хагас жил испани хэл дагнан үзэж, ойр зуур харилцахтайгаа боллоо. Мэргэжил сонгох гэж байтал намайг зохих хэлний түвшинд хүрсэн гэж үзээд ЭСЯ-ны III нарийн бичгийн даргаар томилов оо. Ер хүнд чинь анхны юм сайхан шүү дээ. Би чинь Кубад суралцсан анхны Монгол оюутан, Ленинград хот анхны Ерөнхий консул юм.  

-Таныг анх Куба улсад очиход нийгэм цаг үеийн байдал ямар байв. Жилийн дөрвөн улиралтай тал нутгийн хүн халуун оронд очиход хэцүү байсан биз? 

-Намайг анх очиход Кубын байдал маш хэцүү байлаа. АНУ-ын зүгээс эдийн засаг, улс төрийн хавчин гадуурхах, сөрөг арга хэмжээ хэрэгжүүлж байсан. Тухайн үеийн Кубын удирдагч Фидель Кастро ард түмэндээ хандан цаг тутам үг хэлж, эх орноо хамгаалахад бэлэн байж, цусаа өгөхийг уриалж байв. Хоёр орны дунд дайн дэгдвэл хэрэглэхэд зориулан хүн бүр цусаа өгч байсан тул оюутан бид ч өгсөн. Дайсагналын шалтгаан болсон дунд тусгалын пуужинг ЗХУ эргүүлж татахаар шийдвэрлэсний ачаар цэрэг зэвсгийн хүч хэрэглэх аюул намжсан юм. Ийн цагийн байдал тогтворжин сайхан болсон доо. 

Манай Монголоос дэндүү хол учраас гэрээ их санадаг байлаа. Монгол хүний хувьд их халуун орон шүү дээ. Би халуунаас дайжин өндөр модон дээр гарч хэвтэнэ дээ. Бас нэг сонин зүйл бол сүү. Куба бол газрын баялаг бага, малын тоо толгой ч цөөн. Гэхдээ өглөө бүр өрх болгоны үүдэнд  хүүхдийн тоогоор сүү үлдээдэг байв. Бид үнээ мал байхгүй байж хаанаас сүү авчирдаг байна хэмээн гайхдаг л байлаа. Хэдий мал цөөнтэй ч хүүхэд бүрийг сүүгээр хангах төрийн ажил байсан юм билээ.  


-Таныг үүрэгт ажлаа авахаас өмнө хоёр орны харилцаа ямар байсан бэ?  Монгол болон Куба улс хооронд ямар ямар үйл ажиллагааг зохион байгуулж байв? 

-Хоёр орон хоорондоо уламжлалт найрсаг харилцаатай. Төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийнэ гэдэг хоёр орны харилцааг илтгэх нэгэн хэмжүүр биз. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн  дарга Ю.Цэдэнбал 1972 онд, Ж.Батмөнх 1984 онд айлчилж байсан. Кубын талаас 1970 онд Кубын Нам, засгийн удирдагч Раул Кастро айлчилж байлаа. Мөн хүмүүнлэг, боловсролын салбарт хөрөнгө оруулж, оюутан солилцоог одоо хүртэл хэрэгжүүлдэг.  Манай оюутнуудын замын зардлаас бусад бүх зүйлийг даадаг даа. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд ХАА, анагаах ухааны чиглэлээр олон мэргэжилтэнг Монгол Улсад бэлдэж өгсөндөө. Уг нь хоёр орны хооронд оюутан харилцан суралцах гэрээтэй ч Кубад Монгол хэлний хэрэгцээ бага болохоор хоёр оюутан л ирж байсан. 

-Та 1966 он хүртэл ЭСЯ-д III нарийн бичгийн дарга хийж байсан. 22 жилийн дараа Элчин сайдаар томилогдон очиход Куба хэр өөрчлөгдсөн байв?

-Байдал маш их өөрчлөгдсөн байсан. Улс төр, эдийн засгийн байдал харьцангуй тогтвортой, ард түмний амьдрал сайхан болсон. Хэцүү нь хэцүү  л дээ.  Гэхдээ гаднаас гуйхгүй, өөрөө өөрийгөө аваад явах бяр чадал суусан байж билээ. 

-Та Куба улсад Элчин сайдаар ажиллаж байхдаа ямар асуудалд анхаарч ажиллаж байв. Тухайн орноос ямар зүйлийг эх орондоо нутагшуулсан бэ?  

-Миний бахархдаг нэгэн ажил бол өрхийн эмнэлэг юм. Гадаад оронд суугаа Элчин сайд хүнийн хувьд бидэнд хэрэгтэй зүйл, сайн туршлагыг цаг үргэлж судалдаг. Би Элчин сайдаар томилогдон юун түрүүнд Кубын өрхийн эмнэлгийн туршлагыг Монгол Улсад нэн дарай нэвтрүүлүүштэй ажил байна хэмээн үзэж, ЭМЯ болон холбогдох байгууллагад уламжилсан юм. Тэр дагуу ЭМЯ-аас мэргэжилтэн илгээж, манай улсад өрхийн эмнэлгийг үүсгэн байгуулсан. Гэхдээ Кубын өрхийн эмнэлэг гэдэг бидний боддогоос тэс өөр. Орон байр, нарийн мэргэжлийн эмч нар 24 цагийн турш ажиллаж байдаг. Энэ талаар манай хүн сурвалжлан мэдээллэж байсан тул ихээхэн зүйлийг ярина. 

-Таныг Элчин сайдаар ажиллах хугацаанд эрх зүй, худалдаа эдийн засагтай холбоотой 3 баримт бичиг баталжээ. Жишээ нь, 1989 онд “БНМАУ, БНКубаУ-ын хооронд иргэн гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ” баталжээ. Энэхүү албан бичгийг батлах цаг үеийн шаардлага юу байсан юм бэ? 

-Манай улсын 2-3 иргэн Кубын иргэнтэй гэр бүл болсон юм. Тухайн үед  БНМАУ-ын иргэнийг гадаад хүнтэй суухыг зөвшөөрдөггүй байлаа. Тиймээс иргэн хоорондын асуудлыг шийдвэрлэхийн тулд уг баримт бичгийг боловсруулсан юм. Харин эдийн засгийн хувьд манай орноос хэт хол, Монгол орон далайд гарцгүй учраас тээврийн зардлаас эхлээд асуудал тулгардаг байлаа. Эндээс савхин эдлэл зэргийг явуулдаг ч ирэх замдаа хөгзөрчихдөг. Хэдий тийм ч бидний боловсрол, улс төрийн харилцаа сайн байсан. 

-Таныг Элчин сайдаар ажиллаж байх үед Монгол Улсад улс төр, эдийн засгийн шилжилт болсон. Энэ үйл явдал манай 2 орны харилцаа, хамтын ажиллагаанд нөлөөлсөн үү?

-Тухайн үед бид нэг системийн социалист орнууд байлаа. Кубачууд их нээлттэй, найрсаг хүмүүс. Манай улс ардчилсан засаглалд шилжлээ гэхэд тэд цочирдон хүлээж авсан зүйл байгаагүй ээ. 

-Та манай хоёр орны одоогийн харилцаа, цаашид хамтран ажиллах боломжийг юу гэж харж байна? 

-Бид бүх салбарт хамтран ажиллах боломжтой. Газар нутаг хол ч харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх бүхий л боломж байна. Манай хоёр орон улсаа хөгжүүлэх, ард орноо хангалуун амьдруулах нэгэн чигийг барин явдаг тул зөрөх зүйл байхгүй. Би Элчин сайдаар ажиллаж байхдаа Никарагуа, Аргентин, Мексик зэрэг гурван орны удирдагчид жуух бичгээ барьж, хариуцан ажилладаг байлаа. Харин манай оронд буй Кубын ЭСЯ зөвхөн Монгол Улсыг хариуцан ажилладаг. Үүнээс манай оронд хэр зэрэг сэтгэл гарган ажилладаг, цаашид хоёр орны харилцаа өргөжих нь тодорхой харагдана. 

-Та Элчин сайд хүний хувьд гадаад харилцааны чиглэлээр суралцаж, ажиллаж буй залуу үедээ юу захих вэ? 

-Хариуцлага шаардахгүй ажил гэж юу байх билээ. Тэр дундаа Элчин сайдын ажил бол ихээхэн үүрэг харицлагатай. Зөвхөн төрийн төлөөлөл болох учир улс төрийн байгууллага, нам зэргээс ангид байх нь зөв. Мөн Элчин сайд хүн суугаа орныхоо төр, захиргааны байгууллага, тэдгээрийн удирдлагатай харилцаад зогсохгүй бололцоо байвал жирийн ард түмний дунд орж тэднээс ашигтай мэдээлэл их авахыг бодох нь зүйтэй. Эх орондоо ашигтай санаа олоход тал талын мэдлэг, дүн шинжилгээ хийх чадвар ч чухал. Нэг үгээр хэлэхэд, Элчин сайд, диполомат хүн сайн судлаач байх ёстой доо.


Д.Дорждулам: Томоохон мэс заслыг мужийн эмнэлгүүд хийж,

асуудлыг орон нутагтаа шийдэж  чаддаг


-Манай улсын болон Кубын өрхийн эмнэлгийн адил болон ялгаатай зүйл юу вэ?  

-1988 онд манай хүн Элчин сайдаар, би “Үнэн” сонины Латин Америк хариуцсан сурвалжлагчаар очсон юм. Тэнд байхдаа өрхийн эмнэлгийг судлан, Эрүүлийг хамгаалах яам, ГХЯ-нд бичиг илгээж байлаа. Гэхдээ Куба улсын өрхийн эмнэлэг нэлээн боловсронгуй. Өрхийн эмнэлэг тусдаа 1-2 давхар байртай, тэндээ эмч сувилагч нь амьдарч, 24 цагаар ажилладаг. Хамгийн туршлагатай эмч нар өрхийн эмнэлэгт ирж ажилладаг. Ер нь дөнгөж сургууль төгссөн эмчийг төгс болгож, нарийн мэргэжил эзэмшүүлж байж өрхийн эмнэлэг рүү илгээдэг. Тийм ч болохоор өрхийн эмч яаралтай тусламжаас эхлээд бүхий л шатны үйлчилгээг үзүүлдэг. Тухайн хэсгийн  өрхийн эмч хүмүүсийн ар гэр, өвчний түүхийг мэддэг тул гэр бүлийн гишүүн шиг л байдаг даа. 

-Та “Үнэн” сонины сурвалжлагчаар ажиллаж байхдаа өөр сонирхолтой туршлага, сайн жишээг үзэж байв уу? Тухайн үед Куба улсаас өөр суралцаж болохуйц зүйл юу байв? 

-Эмнэлгийн тусламж, эмч мэргэжилтэн бэлтгэх арга, боловсролын систем зэргээс суралцах зүйл их байсан. Хамгийн гол нь Кубын эмч нарын ур чадвар хот, хөдөө ялгаагүй нэлээд өндөр байдаг. Томоохон мэс заслыг мужийн эмнэлгүүд хийж, асуудлыг орон нутагтаа шийдэж  чаддаг. Учир нь улсын их, дээд сургуулийн багш нар мужийн эмнэлэгт мэргэжил дээшлүүлэх хичээл сургалт ордог. Уушги зүрх хоёрыг зэрэг солих хагалгааг ч хийж байсан гэдэг шүү. Түүнээс гадна шинжлэх ухаанд ихээхэн анхаарна. Эрдэмтэн нарыг ажиллаж амьдрах бололцоогоор бүрэн хангаж, судалгаа шинжилгээ хийх боломжийг олгодог. Биотехнологийн эрдэмтэд үнээний үүлдэр угсааг сайжруулан, сүүний гарцыг өдөрт 100 литр болгож байлаа.  Манай ЭСЯ ганц Куба гэлгүй Латин Америкийн орнуудыг хамаардаг тул Аргентинд очиж арьс шир боловсруулах туршлагыг судалж байв. Аргентин арьс ширийг химийн бодисоор бус байгалийн гаралтай бодисоор идээлдэг тул боловсруулах технологиор дэлхийд дээгүүрт ордог. Гэвч уг туршлагыг нэвтрүүлэх гэсэн боловч, улс төрийн шилжилт давхцсан тул чадаагүй ээ.  

И.Даваадорж

Related news