Г.Баясгалан: Дулааны станцын ажил эхлэхэд бэлэн болсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-07-11 12:09:56

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг өнгөрсөн жил улсад тэргүүлэхүйц хөрөнгө оруулалтын ажил хийж, шинэ өвөрмөц бүтээн байгуулалтаар өнгө төрхөө зассан. Тэгвэл энэ жил аль чиглэлд ямар ажлууд хийхийг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Баясгалангаас тодрууллаа.

-      


-Аймгийн 2020 оны нийт төсөвт өртөг хэд байгаа вэ, хөрөнгө оруулалтын ажлууд хийж эхэлсэн болов уу?

-    -Энэ онд Өвөрхангай аймагт улсын төсвөөр 30 гаруй тэрбум, орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, авто замын сангийн хөрөнгөөр 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ. Одоогоор төлөвлөсөн ажлын 90 гаруй хувьд сонгон шалгаруулалтыг зарлаад түрүүчээсээ ажлаа эхлээд явж байна. 7 дугаар сардаа багтаад бүх ажилд тендер зарлаж дуусгана.

Хөрөнгө оруулалтын ажлын төсвийг буцааж татахгүй гэдгийг Засгийн газар, Сангийн яамнаас мэдэгдсэн. Тэгэхээр хөрөнгө оруулалтын ажил гацахгүй, зогсохгүй гэсэн үг. Харин аж ахуйн нэгжүүд тендерт оролцохдоо хойрго байгаа учраас удаашрах, дахин зарлах асуудал үүсч байна.

-     -Өнгөрсөн жилд өвөрмөц бүтээн байгуулалтууд багагүй хийсэн. Энэ онд ямар бүтээн байгуулалтууд өрнөх вэ?

-    -Энэ онд багтаж ашиглалтад орох ёстой томоохон бүтээн байгуулалт гэвэл Арвайхээр суманд 320 хүүхдийн сургуулийн барилга 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. Мөн Тэмүүлэл-Эрдэм сургуулийн 240 хүүхдийн өргөтгөл, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга барьж байна. Арвайхээрийн шинэ суурьшлын бүсэд улсын төсвөөс 1.5 км, орон нутгийн төсвөөс 1 км автозамыг явган зам, гэрэлтүүлэг, дугуйн замын хамт ашиглалтад оруулна.

Өнгөрсөн жил Арвайхээрт 125 ширхэг цамхагт гэрлийг босгосон нь үр дүнтэй ажил болсон. Энэ жил Хархорин, Зүүнбаян-Улаан, Хужирт суманд суурилуулж байгаа.

-      -Он дамжсан барилга бий юу?

-    -Өнгөрсөн жилээс он дамжсан таван ажил бий. Баянгол сумын Соёлын төвийг 30 орчим хувийн гүйцэтгэлтэй барьсан. Одоо үргэлжлүүлж байна. Мөн тус сумын сургуулийн дотуур байрны гал тогооны барилгын ажил он дамжиж байгаа. Гүйцэтгэгч компани нь барилгын ажлаа цаг хугацаанд нь хийлгүй оройтуулсан учраас барилгын ажлыг зогсоогоод өөр компанид ажлыг хүлээлгэн өгч, одоо ашиглалтад орох дөхөөд байна.

Бат-Өлзий сумын ЗДТГ-ын барилгыг 2019 онд засч ашиглалтад оруулах ёстой байсан ч гүйцэтгэгч компанийн ажлын зохион байгуулалт, хүн хүчээс хамаараад онд нь хүлээлгэж өгч чадаагүй. Энэ жил шахаж шаардсаны хүчинд ажлаа гүйцэтгээд явж байна. БОЭТ-ийн Хүүхдийн эмнэлгийн барилга одоогоор 90-ээд хувийн гүйцэтгэлтэй, энэ онд ашиглалтад орно. Тарагт сумын ЗДТГ-ын барилга энэ жил ашиглалтад орно.

-    -Иргэдийн дунд Улаанбаатар-Арвайхээр хоорондын 60 км автозам ихээхэн хэл ам дагуулж байгаа. Энэ замыг шинэчлэх ажил хэзээнээс эхлэх вэ?

-     -Зам, тээврийн хөгжлийн яамнаас 60 км авто замын ажлын тендерийг зарлаад гүйцэтгэгчийг шалгаруулж, Азийн хөгжлийн банк баталгаажуулан гэрээ байгуулах ёстой байсан. Азийн хөгжлийн банкнаас зам барих ажлын хөрөнгийг гаргаж байгаа учраас гүйцэтгэгчийг баталгаажуулах эрхтэй. Зам, тээврийн хөгжлийн яамнаас шалгарсан компанийн материалыг хүргүүлсэн ч нэмэлт тодруулга, техник ажиллагаа нэлээн байсан учраас гэрээ байгуулах ажил удаашралтай байна.

-     -Дулааны станцын ажил юу болсон бэ?

-    -Солонгосын Экзим банкны санхүүжилтээр арван аймагт дулааны станц барих ажлын тендерийг 2020 оны 2 дугаар сард Эрчим хүчний яаман дээр зарласан. Тендерийг 4 дүгээр сарын 13-нд нээх байсан ч коронавирусний халдварын улмаас оролцогч компаниуд хүсэлт гарган хойшлуулж, 5 дугаар сарын 6-нд тендерийг нээсэн. Сонгон шалгаруулалтад нэлээн олон аж ахуйн нэгж материалаа өгсөн гэх мэдээлэлтэй байгаа. Үндсэндээ энэ ажил эхлэхэд бэлэн болсон.

-  -Тендерт шалгарсан компаниуд ажлынхаа гүйцэтгэлийн явцад нэмэлт санхүүжилт нэхдэг гэх асуудал яригдаж байсан. Ингэж болох уу?

-    +Хөрөнгө оруулалтын ажлыг чадна гэж авчихаад явц дундаа тийм ч юм нь болохгүй байна, ийм ч юман дээр зардал гаргалаа гээд асуудал үүсгэдэг. Одоо ч гэсэн шүүх дээр иймэрхүү маргаан үүсгээд явж л байна. Ийм хэмжээтэй барилга обьектыг тийм хэмжээний хөрөнгөөр барьж байгуул гээд төсөв нь тавигдсан, мэргэжлийн зураг төслийг гаргаад магадлалаар ороод баталгаажуулчихсан байхад нэмэлт санхүүжилт хүсээд байдаг. Энэ асуудлыг Сангийн яамнаас холбогдох газруудад бүрэн хориглож байгаа. Тэгэхээр манай гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд ямар нэгэн илүүдэл зардал авахгүй нь гэдгийг ойлгох ёстой.

-     -Усан хангамжийг сайжруулахад онцой анхаарч ажиллана гэж сонссон. Энэ ажлыг хэрхэн хийх вэ?

-     -Бэлчээрийн болон ундны усны хангамжийг сайжруулах чиглэлээр энэ онд хөрөнгө оруулалтын ажлыг багагүй төлөвлөсөн. Зөвхөн бэлчээрийн усан хангамжийг сайжруулах чиглэлээр тэрбум гаруй төгрөг тавигдсан. Сум бүрт 1-4 худаг барина. Бүх худгийн тендерийг зарлаж, түрүүч нь ажлаа эхлүүлээд байна.

Мөн төв суурин газрын ундны усны хангамжийг сайжруулахаар Сант, Баянгол, Төгрөг, Хужирт суманд тодорхой ажлууд хийж байна. Тухайлбал, усан хангамжийн эх үүсвэрийн судлагааг хийж, судалгаанд үндэслээд төвийн шугам сүлжээг тавих, нөөцийн савыг байгуулж, тэндээс айл өрх, албан байгууллагад түгээх ажлыг төлөвлөөд тендер зарласан.

-  -Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор байгалийн үзэсгэлэнт газруудын дэд бүтэц, тохижилтын ажил ч яригдаж байна. Найманнуур болон Улаанцутгалант хүрэх зам давааг засч тохижуулах уу?

-    -Хүйсийн найман нуурын замыг тэндхийн аж ахуйн нэгжүүд сэтгэл гаргаад 2-3 жил дараалан зассан. Саяхан хүчтэй аадар бороо орсны улмаас хэд хэдэн газарт эвдрэл үүссэн гэх мэдээлэл ирсэн. Улаан цутгалант, Төвхөн хийдийн аялал жуулчлалын замыг тохижуулах ажлыг олон жилийн өмнөөс шат дараатай хийж эхэлсэн. Хужирт сумын халуун усны гол дээгүүр тавьсан гүүр, 0.7 км асфальтан хучилттай авто зам, одоогийн тавьж байгаа модон гүүр, гармууд бүгд Улаанцутгалант хүрэх 90 км автозамын трансын дагуу давхар ашиглах юм.

Related news