Хөвчийн дундах Хагийн хар нуур

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-08-06 15:36:50

Төв /МОНЦАМЭ/. Төв аймаг 74.042.37 км.кв газар нутаг, 94 250 хүн амтай. Тус аймагт байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт нийт 68 газар байдаг бөгөөд аялагч, жуулчдын анхаарлыг татдаг заавал үзэх ёстой үзэсгэлэнт газрын нэг бол халдашгүй дархан цаазат Хан Хэнтийн нуруунд орших алдарт Хагийн Хар нуур юм.

Тус нуур нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Улаанбаатар хотоос зүүн хойш 180 километр газарт оршдог бөгөөд  Хэнтийн нурууны салбар Бага Хэнтийн нурууны өвөрт Хийдийн сарьдаг, Хүнхэр уул, Асгатын сарьдаг уулсын дунд орших үзэсгэлэнт нуур билээ. Уулын тагтад далайн төвшнөөс дээш 1817.3 метр өндөрт бий.

Хан Хэнтийн нурууны салбар бага Хэнтийн ууланд байрлах үзэсгэлэн төгөлдөр нууранд цутгах ямар нэгэн гол, горхи  үгүй ба усны эх ундарга нь нуурын гүнд байдаг гэж үздэг. Мөн энэ нуурыг цаг агаарын өөрчлөлтөөс уулын мөнх цэвдэг хайлснаас үүссэн гэж үзэх нь бий. Зарим судлаачид дөрөвдөгч их мөстөлтийн үед 20-80 метр өндөр, хааш хаашаа 5x6 километр хэмжээтэй уулын хурдас мөнх цас цэвдэгт түрэгдэн уулсын ам хөндийг хааснаас үүдэн уулсын дундах хотгорт эргэн тойрны уулын оройд байх мөнх цэвдэг хайлж урсан хуримтлагдаж энэ нуур үүссэн гэж үздэг.

Мөн газар доогуур зүүнээс Хийдийн гол, өмнөөс Давааны горхи цутгадаг. Ийм цутгамал буй учраас Хойд мөсөн далайн ай савын загас жараахай элбэгтэй. Нуурын талбай 2.7 хавтгай дөрвөлжин километр урт нь 2.5 км, өргөн нь 1.1 км, дундаж гүн нь 1.1 метр бөгөөн хамгийн гүн газартаа 25 метр хүрдэг аж.

Хагийн Хар нуур руу машинаар дөхөж очиж болох боловч яг нуур хүртэл явах зам үгүй уулархаг газар. Зарим газраа намгархаг тул нэг бол явган, эсвэл мориор хүрэх боломжтой.


Нуурын эрэгт ойртоход загас, жараахай нь харагдсан туйлын тунгалаг устай. Өвчтэй, эмгэгтэй хүн уухад анагаах рашаан болдог. Ийнхүү “Доошоо  хөлгүй, гүн нүх байдаг учраас  Хагийн Хар нуур гэж нэрийдсэн” хэмээдэг бөгөөд  тус нуураас эх авах голыг Хагийн хэмээн нэрлэдэг ба голын эхэнд боржин чулуун хийдийн туурь оршдог. Монголчуудын XVII зууны үед  чулуугаар барьсан хийдийн нэг аж. Өндөр гэгээн Занабазарын бариулсан энэ хийдэд Их Хүрээ 1654-1657 онд суурьшиж байсан тухай өгүүлсэн байдаг.

  

 

Related news