Ирж буй онд нийгмийн халамжийн бүх үйлчилгээг цахимжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-12-31 14:41:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас энэ онд төрийн үйлчилгээг цахимжуулж эхэлсэн. Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, хүртээмжтэй, ил тод, хялбар хүргэх зорилгоор олон төсөл хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж, “E-Mongolia” платформыг хөгжүүлж байна. Цахимжуулах ажилд тэтгэвэр, тэтгэмж халамжийн үйлчилгээ орж байгаа. Энэ талаар хийж буй ажлын талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэлээс тодруулав. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг тус газар нь халамжийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гадаадаас ажиллах хүч авах, гаргах үйл ажиллагааг зохицуулах үндсэн 4 чиглэлээр ажилладаг юм. 


-Энэ жил цахимжуулах ажлыг юунаас эхлэв?

-Юуны өмнө манай салбарынхан, манай байгууллага "Халамжаас хөдөлмөрт!" гэсэн зорилт тавин ажиллаж байна. Энэ чиглэлээр эхлээд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлж иргэдийг хамруулах И-халамж системийн платформтой болоод байна. Үүгээр дамжуулан тодорхой нэр төрлийн 6 үйлчилгээг энэ оны 9 дүгээр сараас эхлэн цахимд шилжүүлээд явж байна. Цаашид 12 ангиллын 72 төрлийн үйлчилгээг цахимд шилжүүлнэ. Ингэснээр иргэдэд үзүүлэх халамжийн үйлчилгээ бүрэн цахимжиж чирэгдэлгүй хүргэх юм. Харин өнөөдрийн байдлаар:

  • Жирэмсэн эхийн тэтгэмж,
  • 0-3 насны хүүхэд асарсны тэтгэмж,
  • Ихэр хүүхдийн тэтгэмж,
  • Эхийн алдар одонтой эхийн мөнгөн тусламж,
  • Насны хишиг,
  • 0-18 хүртэлх насны 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-ийн тэтгэмжийг цахим үйлчилгээгээр хүргэж байна 


Ирэх 4 жилд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүрэн цахимжуулах зорилт тавьжээ.


-Энэ онд "COVID-19" цар тахлын нөхцөлд яаж ажиллаж ирэв?

-Иргэдийг арилжааны банканд ирж дугаарлахгүй байлгах үүднээс тэтгэвэр, тэтгэмж авч буй ахмад настан, тодорхой зорилтот бүлгийн иргэдийг картжуулж, данстай болгож байна. Энэ ажлыг ХААН болон Төрийн банктай хамтран улсын хэмжээнд явуулж байна.


Ер нь төрийн халамжийн үйлчилгээний 85 хувийг Төрийн банкаар, 15 хувийг ХААН банкаар дамжуулан хийж байна.


Хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гардаг төсөл, хөтөлбөрийн хүрээнд жижиг, бичил бизнесийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны 7 дугаар сар хүртэл хойшлуулаад байна. Энэ нь цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах, бичил бизнес эрхлэгчдийг дэмжиж ажлын байрыг хадгалах зорилготой юм. 

Тодруулбал, 2017-2020 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авсан, хөтөлбөрт хамрагдсан иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгчдэд хөнгөлөлт, зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулаад байна.


Үүнээс гадна гадаадад ажиллах хүч илгээх буюу БНСУ болон Япон улсад ажиллахаар явж буй Монгол Улсын иргэдийг бүртгэх, анкет авах, шалгалтад орох зэрэг өмнө нь оочер дугаар үүсгэж байсан үйл ажиллагааг бүгдийг нь цахимд шилжүүлжээ. Тодруулбал, гадаадад ажиллах иргэдийн хүсэлт дээр үндэслэн нэрсийг цахимаар гаргаж, бүртгүүлэх ажлыг хуваарилан гаргаж мөн цахимаар шалгалт авах болсноор хүндрэл, чирэгдэл, хардалт сэрдэлт гарахгүй болсон. 


Related news