БЗД-ийн 9,17 дугаар хорооноос коронавируст халдварын 50 тохиолдол илрээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-01-17 16:38:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос хэсэгчилсэн хөл хорио тогтоосон 17 дугаар хорооны нөхцөл байдлын талаарх тойм мэдээг хүргэж байна.

 

Тус хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 1 дүгээр сарын 11-нд сэжигтэй тохиолдол илэрснээс хойш халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж энэ сарын 13-нд 16 тохиолдол бүртгэгджээ. Иймээс халдварын голомт тархахаас урьдчилан сэргийлж энэ сарын 14-16-ныг дуустал тус хорооны нутаг дэвсгэрт хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм тогтоож, 18-аас дээш насны 6 475 иргэнийг PСR шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Үүний дагуу байнгын 4 цэг, явуулын 7 баг ажилласан байна.

Тухайн хорооны иргэдэд зарлан мэдээлэх зорилгоор 30 албан хаагч 2770 өрхөд утсаар мэдээлэл өгчээ. Мөн боловсролын хэлтсээс 1339 эцэг эх асран хамгаалагчтай утсаар болон цахимаар холбогдож шинжилгээнд заавал хамрагдах мэдээллийг хүргэжээ.

 

Шинжилгээнд бүрэн хамруулах зорилгоор Цэргийн штаб, Боловсролын хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой Байдлын Хэлтэс нийт 230 албан хаагчийг дайчлан 11 баг болгож айлуудыг гудамж, хаалгаар нь хуваарилж, иргэдийг шинжилгээнд хамрагдсан эсэхийг лавлан өгөөгүй иргэдийг шинжилгээнд хамруулсан байна. Ийнхүү ажилласны үр дүнд 17 дугаар хорооны 5231 иргэнийг шинжилгээнд хамруулжээ.

 

Гэр хороолол бүхий тус хороонд зөөврийн түр 2 байрыг байршуулан шинжилгээний цэг гаргаснаас гадна ЕБС-ийн сурагчдын автобусыг ашиглаж явуулын шинжилгээ авах 7 баг ажиллуулжээ. Үүний үр дүнд хөл хорио тогтоосноос өмнө болон хойш 9,17-р хорооноос нийт 50 тохиолдлыг илрүүлжээ. Үүнээс 9-р хорооны 18, 17-р хорооны 32 тохиолдол бүртгэгдсэн байна.

 

Нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед иргэд үйлчилгээний төвөөр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ барьж, заавал QR код уншуулж хэвшихийг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхааруулж байна.


Related news