Харааны бэрхшээлтэй иргэдийн баруун бүсийн чуулга болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-06 13:38:53

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо Баруун бүсийн харааны бэрхшээлтэй иргэдийн “Эрх, оролцоо, хөгжил” сэдэвт чуулга уулзалтыг Ховд аймагт  зохион байгууллаа.

Уг чуулганд Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Архангай, Өвөрхангай аймгуудын харааны бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл 40 гаруй хүн оролцлоо.

Чуулганд Данийн Хараагүйчүүдийн нийгэмлэгээс хэрэгжүүлж буй орнуудын хараагүйчүүдийн байгууллагыг чадавхжуулах төслийн талаар зохицуулагч Ж.Оюунгэрэл, ХАХНХЯ-ны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Батдулам төрөөс тэдний талаар авч хэрэгжүүлж байгаа, бодлого, үйл ажиллагааны талаар мэдээллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн заалтын хэрэгжилтийг хангах талаар оролцогчдод мэдээлж, хуулийн заалтыг хангахад хараагүйчүүдийн байгууллагын үүрэг оролцооны талаар мэдээлэл  сонсголоо.

Уулзалтад төрийн байгууллагуудыг төлөөлж дээрх аймгуудын Боловсролын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Халамжийн хэлтэс, Хүүхэд Хөгжил Гэр бүлийн хэлтэс, Биеийн тамир спортын газрын ажилтнуудын төлөөлөл  оролцлоо.                           

Ховд аймагт Хөгжлийн бэрхшээлтэй 800–аад хүн бий. Үүнээс харааны бэрхшээлтэй асаргааны тэтгэмж авдаг хүүхэд 5, харааны бүтэн бэрхшээлтэй нэг хүүхэд хөгжмийн дугуйланд сурдаг гэж мэргэжилтнүүд ярьж байна.

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн хүүхдүүдийн дунд харааны сул бэрхшээлтэй 108 хүүхэд байгаа бол, Халамжийн хэлтсээс харааны бэрхшээлтэй 90 гаруй иргэн тэтгэвэр тэтгэмж авч байна.

                                                         А.Бямбасүрэн

Related news