“Агданбуугийн Амар” номыг аймгийн музей, номын санд өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-02-15 11:12:53

Булган /МОНЦАМЭ/ Түүхийн ухааны доктор Ё.Отгонбаярын туурвисан “Агданбуугийн Амар” ном уншигчдад хүрлээ.

Уг номын зохиогч АНУ-д Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар сууж байгаа бөгөөд “Агданбуугийн Амар” номын дээжээ аймгийн нийтийн номын сан, музейд илгээсэн байна.

      “Олон нийт баригдан цаазлагдсныг нь мэддэг болохоос Амар сайд орчин цагийн шинжлэх ухааны хөгжлийн суурийг тавьж, өнөөгийн бид ч эргэцүүлэн бодмоор гүнзгий судалгаатай Монголын түүхийн ховор бүтээлийг туурвиж, зам тээвэр, барилга хот байгуулалт, орчин цагийн банк, татвар санхүүгийн салбар, эрүүл мэнд, боловсролын салбарын тулгын чулууг тавилцсан хүн гэдгийг тэр болгон мэддэггүй.

      Улс орны тусгаар тогтнолыг сэргээн мандуулах эгзэгтэй тэр цагт түүхийн жихүүн шуурганд босоо явсан, хүнээ барьж идэж байх хүнд тэр мөчид хүн чанараа хадгалж чадсан төрийн их хүн нэг их олонгүй гэхэд хилсдэхгүй бизээ” хэмээн доктор Ё.Отгонбаяр бичжээ. Академич Ж.Болдбаатар энэ бүтээлийн онцлог талыг:

      - А.Амар сайдын амьдрал, үйл ажиллагааг олон улсын харилцааны түүхийн ханан дээр суурилуулан ултай шинжилсэн, Олноо өргөгдсөн Монгол Улсын Гадаад Яамны түшмэл байсан үе, Ардын хувьсалд оролцсон зэргийг илүү гүнзгий авч үзсэн, бичиж туурвихдаа судалгааны зөв чиг зарчмыг хатуу баримттлахын хамт бичлэгийн эсээ хэлбэрийг өргөн ашигласан гэж тэмдэглэсэн байна.

Related news