300 гаруй албан хаагч хязгаарлалтын дэглэм сахиулж ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-02-16 12:45:39

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдээр аймгийн хэмжээнд 11 гэмт хэрэг, 64 зөрчил, гомдол бүртгэгдсэн байна. Хязгаарлалтын дэглэм зөрчсөн 193 хүнд торгуулийн арга хэмжээ авчээ.

Тус өдрүүдэд Арвайхээр сумын 13 багийн гудамж, хороолол, зам талбайн 30 цэгт цагдаа, мэргэжлийн анги байгууллагаас 60 алба хаагч, мөн Арвайхээр сум тойрсон 14 хяналтын цэгт 46 алба хаагч, аймгийн хэмжээний 104 хяналтын цэгт 238 төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж, хяналт тавин ажиллалаа.

Аймгийн хэмжээнд хөл хорионы дэглэм хэсэгчилсэн байдлаар үргэлжилж байгаа ба 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 18.00 цагаас 2 дугаар сарын 20-ны 06.00 цаг хүртэл аймаг, сум хоорондын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм.  Зөрчлийн тухай хуулиар хязгаарлалтын дэглэм зөрчсөн иргэнийг 500 мянган төгрөгөөр торгох эсхүл 7-30 хоногийн хугацаанд баривлах, аж ахуйн нэгж байгууллагыг 5 сая төгрөгөөр торгох заалттай байдаг аж.

Related news