Сургууль, цэцэрлэгийн нэг ангид 25 хүртэлх хүүхэд хичээллэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-02-26 15:43:01

Архангай /МОНЦАМЭ/. Орон нутагт сургууль, цэцэрлэгийн танхимын хичээлийг 3-р сарын 1-нээс эхлүүлнэ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нэг ангид 25 хүртэлх хүүхэд хичээллэх юм. Сургуульд орох, гарах нэг цэгтэй, 1.5 метрийн зай барих, амны хаалт тогтмол зүүх, гар ариутгах, агааржуулалтыг тогтмол хийх, эцэг эхчүүд сургуулийн нэг цэгээс хүүхдээ авах зэрэг халдвар хамгаалалтын дэглэмийг баримтална.

Танхимаар өдөрт 2-5 хичээл орох ба бага ангид математик, монгол хэл, 6-9-р ангид математик, монгол хэл, физик, хими, биологи гэсэн хичээл орж, бусад хичээлийг теле болон зайны сургалтаар орно. Ахлах ангийнхан математик, монгол хэл, сонгон судлах гурван хичээлийг үзэх юм.

3-р сарын 26-ныг дуустал хугацаанд хичээлүүдийн агуулгыг нөхөх, давтах хэлбэрээр орно.

Аймгийн хэмжээнд 1048 төгсөгч байгаа ба элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэлийг 2-р сарын 25-наас 4-р сарын 20-ныг хүртэл явуулах ажээ.

Related news