Я.Хонгорзул: Хүн байгаа газар хүний эрх хангагдах ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-03-04 11:10:34

Увс /МОНЦАМЭ/. Хүний эрхийн Үндэсний комиссын Увс аймаг дахь ажилтан Я.Хонгорзултай ярилцлаа. Тэрбээр сүүлийн зургаан жилийн хугацаанд хүний эрхийн чиглэлээр сургалт сурталчилгаа хийх, зөвлөгөө мэдээллээр хангах ажлыг Увс аймагт зохион байгуулж ирсэн байна.


-Хүний эрхийн Үндэсний комиссын Увс аймаг дахь салбарын үйл ажиллагааны талаар?

-Хүний эрхийн Үндэсний комисс нь 2014 оноос эхлэн орон нутагт байнгын төлөөлөлтэй болж, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллах нөхцөл бүрдсэн. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд хүний эрхийн чиглэлээр багагүй ажлыг гүйцэтгэж тодорхой үр дүнд хүрсэн гэж бодож байна. Тухайлбал, Хүний эрхийн боловсрол олгох 106 удаагийн сургалт зохион байгуулан 2120 хүнийг хамруулсан. Хүний эрхийн сурталчилгааг сонин, сэтгүүл, телевизээр 27 удаа, вэб сайт, пэйж хуудсаар 192 удаа явуулж, хүний эрхийн ном, товхимол, гарын авлага 1102-ыг тарааж, 62 удаагийн хүний эрхийн судалгаа, дүн шинжилгээний ажлыг хийсэн байна. Хүний эрх зөрчигдсөн талаар иргэдээс 91 гомдол хүлээн авч, 690 хүнд хүний эрхийн асуудлаар хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан. Тэрчлэн 52 удаагийн хяналт шалгалтыг зохион байгуулж, Комиссын гишүүний 13 шаардлага, 13 зөвлөмжийг хүргүүлсэн. “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг 2014, 2018 онд зохион байгуулсан. Мөн 2020 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар Комиссын гишүүний зөвлөмжийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн байгаа. 

-Хүний эрхийн талаарх ойлголтыг уншигчдад өгөх нь зүйтэй байх?

-Хүний эрх гэдэг бол таны хүний зэрэгтэй амьдрахад шаардагдах наад захын баталгаа юм. Мөн хүн нийгэмдээ амьдрах боломж нөхцөлийг хүний эрх гэж ойлгож болно. Энэхүү боломж нөхцөл алдагдвал хүний эрхийн зөрчил үүснэ. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын нэгдүгээр зүйлд “Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүгийн ёсоор харилцах ёстой” гэж заасан байдаг. Хүмүүс ихэнхдээ амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх зэрэг эрхийг л мэддэг. Гэтэл үнэндээ эдгээрээс гадна маш олон эрхийг хуулиар баталгаажуулсан. Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр хүний эрхийг баталгаажуулаагүй байсан цаг үед хүний эрхийг ноцтойгоор, маш ихээр зөрчдөг байсан нь дэлхийн 1, 2 дугаар дайны жишээнээс харагддаг. Монгол Улсад 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн жишээг хэлж болно. Төр дур зоргоороо хүний эрх, эрх чөлөөг хязгаарладаг байдал тухайн үед газар авах шинжтэй болсон.

Харин өнөөдөр дэлхийн бүхий л улс орнууд Үндсэн хууль, дотоодын хууль тогтоомжоороо хүний эрхийг хуульчлан баталгаажуулсан. 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт Хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан. Мөн УИХ-аас баталсан олон хууль тогтоомжид хүний эрх, эрх чөлөөг хуульчлан баталгаажуулсан байдаг. Хүний эрхийн бүхий л олон талт олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орж дотоодын хууль тогтоомжийнхоо нэгэн адил дагаж мөрдөх үүрэг хүлээсэн. Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсан өдөр болох 12 дугаар сарын 10-ныг дэлхий нийтээр Хүний эрхийн олон улсын өдөр болгон жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байна.

-Хүний эрхийг хязгаарлаж болох уу?

-Хүний жам ёсны эрх буюу төрөлхийн шинжтэй зарим эрхийг ямар ч нөхцөлд хязгаарлаж болохгүйг олон улсын гэрээ конвенц, Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг. Үүнд: Амьд явах эрх, эрүү шүүлтээс ангид байх, итгэл үнэмшилтэй байх эрх, шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөө багтдаг. Эдгээрээс бусад эрхийг зөвхөн үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийгмийн эрүүл мэнд, нийгмийн ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Мөн хүний эрхийг хязгаарлах хэр хэмжээ нь хязгаарлах болсон зорилготойгоо тэнцүү байх ёстой. Жишээ нь "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг дурдаж болно. Уг хуулиар хүний зарим эрхийг хязгаарлаж болохыг зөвшөөрсөн байгаа. Уг хуулийн хэрэгжилтэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс хяналт тавихаар хуульчилсан байдаг. Үүний дагуу коронавирусний халдварын үед хүний эрхийг зөрчихгүй байх тухай Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос 2 шаардлага, 8 зөвлөмж, 7 санал, 2 хүсэлт, 1 мэдээллийг Засгийн газар, Улсын онцгой комисс, яам, агентлаг, бусад газарт хүргүүлэн, хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

-Монгол Улсын хүний эрхийн үндэсний байгууллагын хөгжлийн түүхийн талаар товч яривал?

-Монгол Улсад Хүний эрхийн Үндэсний комисс байгуулсны 20 жилийн ой энэ онд тохиож байна. 2001 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Комиссын анхны гишүүд тангараг өргөснөөр Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, конвенцод баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих чиг үүрэг бүхий үндэсний байгууллага Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Монгол Улс 1992 оны ардчилсан үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг олон улсын зарчим, хэм хэмжээтэй уялдуулан тодорхойлсон. УИХ-аас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр баталж, Комиссын гишүүдийн тоог 5 болгож нэмэгдүүлсний зэрэгцээ Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, түүний эрхлэх алба бий болгохоор хуульчилсан нь Монгол Улсын хүний эрхийн үндэсний байгууллагын хөгжлийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн. "Ковид-19" цар тахалтай өнөөгийн нөхцөлд хүний эрхэд ээлтэй, шударга, тэгш оролцоо бүхий ардчилсан нийгмийг байгуулахад хүний эрхийн үндэсний байгууллагын үүрэг оролцоо улам бүр чухал болж байна. 

-Увс аймгийн хувьд хүний эрхийн чиглэлээр тулгамдсан ямар асуудлууд байна вэ?

-Манай аймгийн хувьд хүний эрхийн хамгийн тулгамдсан асуудал бол хөдөлмөрлөх эрхтэй холбогддог. Хөдөлмөрлөх эрхийн зөрчил их гардаг. Хүний эрхийн асуудлаар хандсан нийт иргэдийн бараг тэн хагас нь зөвхөн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн талаар хандаж байна. Хөдөлмөрлөх эрхийн тухайд хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамт, ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой асуудлыг манай Комисс харьяалан шийдвэрлэдэг. Хөдөлмөрлөх эрхтэй холбогдсон бусад асуудлыг тухайн гомдлоосоо хамаараад олон байгууллага шийдэж болно. Жишээ нь шүүх, төрийн албаны зөвлөл, үйлдвэрчний хороо, хөдөлмөрийн маргаан таслах комисс, ёс зүйн зөвлөл, мэргэжлийн хяналтын байгууллага, санхүүгийн хяналт шалгалт, аудитын байгууллага гэх мэт. Ажлаас үндэслэлгүй халагдсан бол зөвхөн Шүүх л ажилд нь эргүүлэн тогтооно. Иймд Комисс харьяалан шийдвэрлэхгүй гомдлыг холбогдох газарт нь шилжүүлэх, эсхүл тухайн газарт хандах талаар иргэнд өөрт нь зөвлөгөө өгч шийдвэрлэдэг. Хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг бууруулах талаар аймгийн МХГ, Үйлдвэрчний эвлэлтэй хамтран тодорхой ажлууд зохион байгуулж байсан. Мөн цахим орчин дахь хүний эрхийн зөрчил, охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрх болон хүчирхийллээс ангид байх эрх, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт хүний эрхийн тулгамдсан асуудлууд бий.

-Иргэд эрх нь зөрчигдсөн үед хаана, хэнд хандахаа тэр бүр мэддэггүй шүү дээ?

-Иргэд та бүхэн хөдөлмөрлөх эрх, ажлын байрны дарамт, бэлгийн дарамт, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх, нийгмийн халамж хүртэх эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрх, мэдээлэл хайх, хүлээн авах эрх зэрэг хүний эрх зөрчигдсөн аливаа асуудлаар манай байгууллагад хандаж болно. Хүний эрхийн Үндэсний комисс нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд байгаа болон урьд нь хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, зөрчлийн хэрэг, маргааны талаарх гомдлыг хүлээж авахгүй гэж зааснаас бусдаар хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн ямар ч асуудлаар иргэд гомдол, мэдээлэл гаргаж болно. Өөрөөр хэлбэл, шүүхийн шатанд байгаа, прокурор, цагдаагийн байгууллагад хянагдаж, шалгагдаж байгаа, эсвэл урьд нь хянан шийдвэрлэгдсэн асуудлаар гомдол, мэдээлэл хүлээж авах боломжгүй юм. Мөн 70453222 дугаарт холбогдож хүний эрхийн асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

-2021 онд ямар ажлуудад голлон анхаарахаар төлөвлөж байна?

-2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлагдсан. Төлөвлөгөөний тухайд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Монгол Улсын төрөөс авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ ба хүний эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, уг хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлууд түлхүү хийнэ. 2021 онд цар тахлын нөхцөл байдлаас хамаараад хүний эрхийн сургалт, мэдээлэл, сурталчилгааны ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Жил бүрийн 12 дугаар сарын 10-нд болох “Хүний эрхийн олон улсын өдөр”-ийг угтан өргөн хүрээтэй ажил зохион байгуулдаг.

-Сүүлчийн мөчийг танд үлдээе?

-“Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт” гэсэн ХЭҮК-ын уриагаа хэлээд Монгол Улсын хүний эрхийн үндэсний байгууллагын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, хамтран зүтгэсэн хүний эрхийг хамгаалагч төрийн болон төрийн бус байгууллага, тэдгээрийн ажилтан, албан хаагчид, хүний эрхийн төлөө хүсэл эрмэлзэл бүхий хүн бүхэнд гүн талархал илэрхийлж, Монгол Улсад Хүний эрхийн Үндэсний комисс байгуулсны 20 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Баярлалаа. 




Related news